Skip to main content

ХХБ-аар дамжуулан ОХУ-руу рубль шилжүүлэхэд дамжуулагч банкны шимтгэлгүй боллоо

4 January 2010

Худалдаа, хөгжлийн банк (ХХБ) 2010 оны 1-р сарын 1-нээс эхлэн ОХУ-тай харилцагч иргэд, байгууллагуудын төлбөр тооцоонд нэгэн онцлог давуу талыг олгож, ОХУ-ын Юникредит, Сбербанк болон Россельхоз банкуудаар дамжуулан рубль шилжүүлэхэд зөвхөн гадаад гуйвуулгын шимтгэлийг төлөн хүлээн авагчийн гарт шилжүүлгийг бүтэн дүнгээр нь хүргэж эхэллээ. ХХБ-ны гадаад төлбөр тооцооны тэргүүлэх байр суурийн ачаар рублийн бүхий л шилжүүлэг дамжуулагч банкны шимтгэлгүй болсон бөгөөд шинэ ондоо тус банк өөрийн 20 жилийн ойг угтан харилцагч нартаа шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэн бэлэг барьж эхэллээ.

ХХБ нь ОХУ-ын нэр хүнд бүхий томоохон 20 орчим банк санхүүгийн байгууллагатай харилцаатай ажилладаг бөгөөд Сбербанк, Россельхоз болон Юникредит банкууд нь ОХУ-ын арилжааны банкуудаас нийт актив, өөрийн хөрөнгийн хэмжээгээрээ эхний тавд байнга багтдаг нэр хүнд бүхий томоохон банкууд юм.

Монгол улсын гадаад төлбөр тооцоонд голлох байр суурь эзэлдэг ХХБ улсдаа хамгийн олон буюу 14 төрлийн гадаад валютаар дэлхийн өнцөг булан бүрт харилцагчдын төлбөр тооцоог найдвартай гүйцэтгэж байна.