ХХБанк нийгмийн хариуцлагын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих, тэдний нийгэмд оруулах хувь нэмэр, дуу хоолойг дэмжих зорилго дор Ахиллис Монгол Олон улсын байгууллага (ОУБ)-тай 3-н жилийн хугацаанд хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.
2015 оноос хойш "Итгэл найдвар, боломж” уриатай зохион байгуулагдаж буй марафон гүйлтийн тэмцээнд ХХБанкны ажилтнууд оролцохоос гадна Ерөнхий ивээн тэтгэгч байгууллагаар хамтран ажиллахаар боллоо. Энэхүү марафон гүйлт нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих, тэдэнд урам зориг, эрч хүч, өөртөө итгэх итгэлийг өгөх үндсэн зорилготой.
Монгол улсын хэмжээнд 160 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдаг. Үүнээс 30 хүрэхгүй хувь нь идэвхтэй сурч боловсорч, ажил хөдөлмөр эрхэлдэг гэсэн тоо баримт байна. Ахиллис Монгол ОУБ нь тэдний биеийн тамир, дасгал хөдөлгөөнийг дэмжих, хувь хүний ур чадварыг сайжруулах зорилгоор 2015 оноос хойш жил бүр холын гүйлт, алхалтын тэмцээнийг амжилттай зохион байгуулан ажиллаж байгаа бөгөөд энэхүү тэмцээнүүдэд ХХБанкны ажилтнууд сайн дурын үндсэн дээр идэвхтэй дэмжин оролцдог.
Энэ жилийн хандивын марафон гүйлт 9-р сарын 14-ний өглөөний 08:00 цагаас оройны 18:00 цаг хүртэл Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдана.