Skip to main content

БАЯРТ МЭДЭЭ: ХХБ ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭР ХҮЛЭЭСЭН ҮҮРГЭЭ ХУГАЦААНААС НЬ ӨМНӨ БИЕЛҮҮЛЛЭЭ

28 September 2009

Худалдаа хөгжлийн банк (ХХБ) Олон улсын санхүүгийн зах зээлд гаргасан 75 сая ам.долларын бондоо хугацаанаас нь өмнө эргүүлэн төлсөн нь Монгол Улс гадаадын хөрөнгө оруулагчдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлдэг улс гэдгийг дахин нотолж өглөө.

 

2007 оны 1-р сард ХХБ Монгол улсаас анх удаа Олон улсын санхүүгийн зах зээл дээр 150 сая ам.долларын дунд хугацааны бондын хөтөлбөр хэрэгжүүлж, эхний 75 сая ам. доллартай тэнцэх бондыг 3 жилийн хугацаатай, жилийн 8.625 хувийн хүүтэйгээр амжилттай борлуулсан билээ. Энэхүү амжилтандаа тулгуурлан 2008 онд уг хөтөлбөрийг 300 сая ам.доллар болгон өргөжүүлсэн юм.

Энэхүү бондын хөтөлбөрийн хүрээнд ХХБ Олон улсын санхүүгийн зах зээлээс харьцангуй урт хугацааны гадаад эх үүсвэрийг татаж чадсан нь зөвхөн ХХБ-ны төдийгүй Монгол Улсын хувьд том амжилт байсан юм.

ХХБ-ны бондыг худалдан авах захиалга арилжааны дүнгээсээ хэд дахин давж, 13 орны 96 хөрөнгө оруулагчид худалдаж авсан нь ХХБ харилцагч нартаа урт хугацааны санхүүжилтийг бага хүүтэйгээр олгох боломжийг бүрдүүлж чадлаа. Санхүү, эдийн засгийн хүндрэлтэй цаг үед ч төлбөрийн чадвар өндөр гэдгээ харуулсан энэхүү үйл явдал нь ХХБ-ны харилцагчдын хувьд онцгой баярт мэдээ юм.

ХХБ-ны Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч О.Орхон хэлэхдээ, “Монгол Улс шиг хөгжиж буй эдийн засагтай орноос Олон улсын зах зээл дээр бонд гаргаж анхдагч нь болсноороо бидэнд хөрөнгө оруулагчдын өмнө хүлээсэн үүргээ цаг хугацаанд нь биелүүлэх өндөр хариуцлага ноогдсон юм. Дэлхий нийтийг хамарсан эдийн засаг, санхүүгийн хямралыг үл харгалзан энэхүү үүргээ биелүүлж, төлбөрөө эргэн төлөх чадвартай гэдгээ батлахаар хугацаанаас нь өмнө урьдчилан төлөх шийдвэр гаргасан нь манай банкны төдийгүй Монгол Улсын нэр хүндийг Олон улсын зах зээл дээр өндөрт өргөсөн үйл явдал боллоо. ХХБ-наас анхлан хэрэгжүүлсэн энэхүү бондын хөтөлбөр нь Монголын банк, санхүүгийн салбарын бүхэл бүтэн түүхэн үе байсныг онцлон хэлмээр байна. ХХБ нь цаашдаа, магадгүй 2010 оны эхний хагаст, Олон улсын санхүүгийн зах зээл дээр таатай нөхцөл бүрдсэн үед дахин бонд гаргах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд анхны бондоо гаргаж, эргэн төлсөн энэхүү түүх нь бидний хувьд чухал үзүүлэлт болох нь дамжиггүй. Монгол Улсыг Олон улсын санхүүгийн зах зээлтэй холбоход дэмжлэг үзүүлсэн гадаадын хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагааг эрхэмлэж, хариуцлагатай ханддаг монгол хүний мөн чанарыг дэлхий нийтээрээ мэдрээсэй хэмээн хүсч байна” гэлээ.