2008 оны 3-р сарын 17-ны өдөр Худалдаа, хөгжлийн банк (ХХБ) болон Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлаг (ГХОГХА) хамтын ажиллагааны гэрээнд ГХОГХА-ын дарга Б. Ганзориг, ХХБ-ны ерөнхийлөгч Р. Коппа нар ГХОГХА -ын хурлын танхимд гарын үсэг зурлаа.Тус Хамтын ажиллагааны гэрээг үйлдсэнээр манай улс орны эдийн засагт хөрөнгө оруулалтын үр нөлөөг нэмэгдүүлэх, Монгол Улсын эдийн засагт бодитой дэмжлэг үзүүлэх, хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр хоёр байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх, гадаад, дотоод арга хэмжээ, олон улсын чуулга уулзалт, 2 талт болон олон талт арга хэмжээг зохион байгуулахад харилцан дэмжлэгтэйгээр ажиллах юм байна. Мөн ХХБ нь өөрийн үйл ажиллагаа, чадварын хүрээнд өөрийн эзэмшлийн болон боловсруулсан програмуудаар мэдээлэл технологийн техникийн туслалцаа үзүүлэхээс гадна ГХОГХА-аас уламжлал болгон зохион байгуулдаг форум, уулзалт зэрэг арга хэмжээнүүдийг ивээн тэтгэж ажиллана. Дээрх хоёр байгууллага хамтран ажилласнаар гадаадын хөрөнгө оруулагчдад цогц үйлчилгээ үзүүлж тэдгээрийн үйл ажиллагааг бодитойгоор дэмжих боломж бүрдлээ. Тухайлбал, манай улсын нийгэм, эдийн засгийн талаарх мэдээлэл, судалгаанууд, банк, санхүүгийн үйлчилгээ болон Монгол Улсад үйл ажиллагаагаа эхлэх онлайн зөвлөгөө зэргийг хослуулан гадаадын хөрөнгө оруулагчдад хүргэх юм байна.