Манай улсын эдийн засгийг хөдөлгөгч гол хүч болоод буй уул уурхай болон бусад салбарууд нь сүүлийн жилүүдэд байгаль орчинд их хэмжээний хор хохирол учруулж буй. Харин үүний эсрэг дорвитой арга хэмжээ авахаар Худалдаа, Хөгжлийн Банк бэлтгэж байгаа аж. Энэ тухай болон дэлхийн эдийн засаг, банк санхүүгийн талаар ХХБ-ны Гүйцэтгэх захирал Б.Мэдрээтэй ярилцлаа.
Худалдаа, хөгжлийн банк байгаль орчин, нийгмийн хариуцлагын менежментийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр зэхэж байгааг сонсоод сонирхохгүй байж тэссэнгүй. Банк байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулна гэхээр хүмүүс нэлээд гайхаж байгаа байх?
Тийм ээ, манай банк байгаль орчин, нийгмийн хариуцлагын менежментийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр ажиллаж сүүлчийн шатандаа ирээд байна. Энэ бол бизнес, санхүүгийн эрсдэлээс гадна байгаль орчин, нийгмийн хариуцлагын эрсдэлийг тооцож, түүнийг бууруулах, сэргийлэх талаарх бүхэл бүтэн цогцолбор систем. Энэ системийн хүрээнд иргэд, байгууллагууд өөрсдийн үйл ажиллагаанд дурдсан байгаль орчны болон нийгмийн хариуцлагын нөлөөлөл, эрсдэлийг тооцож, гарч болох сөрөг үр дагаврыг хянаж зохицуулах, тайлбарлах, танилцуулах, тайлагнах, хөндлөнгийн шинжээчийн үнэлгээ хийлгэх зэрэг олон үе шаттай цогц ажил хийх юм.
Олон улсын хэмжээнд энэ менежментийг хэрхэн ашиглаж байгаа бол?
Орчин үед ямар ч ашигтай сайн төсөл байсан, хэрэв байгаль орчин, нийгэм, хүн амд сөрөг нөлөө үзүүлэхээр бол түүнийг хэрэгжүүлэхээс татгалзах, “Грийн Пийс” зэрэг төрийн бус байгууллагуудаас эсэргүүцэл илэрхийлэх, улмаар байгаль орчин, нийгмийн хариуцлагын менежментийг нэвтрүүлсэн дэлхийн тэргүүлэх санхүүгийн байгууллагууд санхүүжүүлэхээс татгалзах, энэ талаараа урьдчилан зарлаж, дэлхий нийтийн санаачлагад нэгдэн үүрэг хүлээх зэргээр ажилладаг болсон. Тухайлбал, дэлхийн Банкны бүлгийн Олон Улсын Санхүүгийн Корпораци 2002 онд дэлхийн нэр хүнд бүхий есөн банктай хамтран үүсгэн байгуулсан Экваторын зарчмуудад өнөөдөр Голландын FMO, ABN “Amro” банк, “Rabo” банк, NIBC банк, ING групп, Aвстралийн ANZ, Америкийн “Bank of America”, “Citi” групп, Aмерикийн Експорт-Импортын банк, “JP Morgan Chase”, Английн “Lloyds Banking Group Plc”, “Barclays Рlc” Японы “Bank of Tokyo-Mitsubishi UFJ”, Швейцарын “Кредит Свисс” зэрэг дэлхийн тэргүүлэх 77 банк нэгдээд байна. Өөр нэг жишээ нь, Цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлийн үр ашгийн талаар маргах зүйлгүй ч үүний байгаль орчин, нийгэм, хүн амд үзүүлэх сөрөг нөлөө нь дэндүү их учраас Европ, Азийн олон оронд цөмийн эрчим хүч ашиглахыг эсэргүүцэх, улмаар зарим Засгийн газрууд нь албан ёсоор татгалзаад байгаа зэрэг ч байгаль орчин, нийгмийн хариуцлагын менежментийн хүрээнд авч үзэх нэг хэсэг болж байгаа юм.
Ийм бодлогыг Монголд хэрэгжүүлье гэх санаа яагаад гарч ирэв?
Манай оронд ч гэсэн сүүлийн жилүүдэд уул уурхай, барилгын бүтээн байгуулалт, хөнгөн болон боловсруулах аж үйлдвэр зэрэг салбарууд нэлээд хурдацтай хөгжиж байна. Үүнийг дагаад байгаль орчин ч чамгүй хохирч байна шүү дээ. Хамгийн ойрхон жишээ нь, Туул голыг бохирдуулж байгаа химийн бодис хэрэглэж байгаа, цэвэрлэх байгууламжгүй түүхий эдийн анхан шатны болон боловсруулах үйлдвэрүүд, Улаанбаатарын агаарыг бохирдуулж байгаа уурын зуухнууд, хүүхэд хөгшдийн тоглох, сэрүүцэх талбай, явган хүний болон автомашины замыг таглаж, хүн ам хүрээлэн байгаа орчиндоо дарамт сөрөг нөлөө үзүүлэн босч байгаа барилгууд, Орхон голыг бохирдуулж байгаа уул уурхайнууд, нөхөн сэргээлт хийгээгүй талбайнууд гээд энэ шалгуураар аваад үзвэл олон жишээг дурдаж болно.
Эдгээр олон бэрхшээлүүдийг хэн нэгэн хүн л бүтээн бий болгож байгаа, түүнийг нь аль нэг банк ч юмуу санхүүгийн байгууллага, компани санхүүжүүлж байж таарна. Гэтэл 2.7 саяхан монголчууд байтугай, дэлхийн долоон тэрбум хүн нэг л гариг дээр хамтран амьдарч, түүнийг хувааж эзэмшиж байгаа. Тэгэхээр бүгдээрээ л санаа тавьж байж үр дүнд хүрнэ шүү дээ. Тиймээс Монголын банкны салбарт олон зүйлийг анхлан нэвтрүүлж, стандарт гэх үү жишиг тогтоогчийн хувьд Худалдаа, хөгжлийн банк хүрээлэн буй байгаль орчин, нийгмийн хариуцлагын бодлогыг хэрэгжүүлэхээр болсон юм. Ингэснээр аливаа эрсдэлийг хамгийн бага түвшинд барих, үүгээрээ дамжуулан харилцагчдынхаа бизнесийг эрүүл буюу байгаль орчинд хор хөнөөл багатай болгох боломжтой. Үүний зэрэгцээ бид хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөгүй бизнес эрхлэгчдийг хөхүүлэн дэмжих юм.
Энэ бодлогыг хэрэгжүүлэхийн ач холбогдол нь юунд оршиж байна вэ?
Юуны өмнө банк өөрийн санхүүжилт олгох төсөл болгондоо уг төслийн бизнес, санхүү, зээлийн гэх мэт эрсдэлийг тооцохоос гадна байгаль орчин, нийгмийн хариуцлагын эрсдэлийг тооцох болж байгаа юм. Ингэснээр энэ талаарх мэдлэг, шалгуур бий болж, тухайн төслийг хэрэгжүүлэхээсээ өмнө энэ талаас нь авч үздэг соёл, чадварыг харилцагчиддаа төлөвшүүлэх юм. Орчин үед олон нийтийн сонирхлыг хөндсөн аливаа томоохон бизнес, хөрөнгө оруулалтын төслүүд нь зохицуулах, хянах байгууллагын зөвшөөрлөөс гадна нийгмийн болон хүрээлэн буй байгаль орчны зөвшөөрлийг авч байх шаардлага, соёл бий болоод байгаа. Дэлхийн банк зэрэг томоохон байгууллагууд төслүүддээ нийгэм-хүн ам, хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөллийн үнэлгээг шаарддаг. Үүнийгээ төслийг хэрэгжүүлэх, эсхүл санхүүжүүлэх байгууллагаас хараат бус хөндлөнгийн мэргэжлийн байгууллагаар гаргуулсан байх, хэрэв ямар нэгэн сөрөг нөлөө байгаа нь тогтоогдвол түүнийг эерэгээр шийдэх арга хэмжээг авах боломжтой эсэхийг нь тогтоож, минимум шаардлагуудаа тавьдаг. Хэрэгжилтэд нь бас хөндлөнгийн байгууллага хяналт тавьж, гарсан тайланг төслийг хэрэгжүүлэгч нь төрийн эрх бүхий байгууллагууд, сонирхогч иргэний нийгмийн байгууллага, иргэдэд мэдээлэх замаар л тэрхүү нийгмийн лицензээ авч ажилладаг.
Нийгмийн лицензгүй бол ямар арга хэмжээ авна гэсэн үг вэ?
Хэрэв нийгмийн лиценз байхгүй бол хэн нэг даргын өрөөнөөс авсан лиценз хүчингүй болох, төслийн хэрэгжилт хойшлох гэх мэт олон эрсдэл гарч болно. Ийм эрсдэл байгаа эсэхийг банк, харилцагчтайгаа хамтарч суугаад ярилцаад, хэрэв ямар нэгэн хэмжээнд байгаа гэвэл түүнийг хэрхэн зохицуулах талаар аль аль нь чадвартай болох явдал юм. Ингэснээр харилцагч ямар нэгэн байгаль орчны болон нийгмийн төсөлд сайтар бодолгүйгээр орж эрсдэлд өртөхгүй байх, банк мөн зээлийн эрсдэлд орохгүй байх, эцсийн дүндээ хүн ам, хүрээлэн байгаа орчинд бохирдол, хор хөнөөл, нийтийн эрх ашигт хохирол учирч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх боломжтой болно.
Үүнийг хэрэгжүүлэхэд хэцүү биш гэж үү?
Бид хөгжье, дэлхийн жишгээр аж төрье, олон улсын сайн туршлагуудыг нэвтрүүлье гэвэл хэцүү ч байсан хийх л хэрэгтэй. Түүнээс одоогийнх шигээ би л ашиг олж байвал байгаль орчин, нийгэм, хүн амд хохирол учрах нь хамаагүй, түүнийг нөхөн сэргээх нь төр засаг, хохиролд өртөж байгаа хүмүүсийн юм уу, хойч үеийнхний асуудал гээд орхиод байвал бидний хүсээд байгаа сайн сайхан зүйлд хүрэх боломжгүй.
Танай банк ганцаараа ингэж өндөр шаардлага тавиад эхлэхээр харилцагч, зээлдэгчид тань өөр банкууд руу яваад өгөх юм биш үү?
Уг нь бид л эхэлж байгаа болохоос биш энэ бол нийт банкны салбарт мөрдөгдөх нийтлэг шаардлага байх учиртай юм. Тиймээс бусад банкууд ч ийм шаардлагыг удахгүй тавиад эхэлнэ байх. Энэ талаар Монголбанк болон Засгийн газар, Байгаль орчин, аялал зуучлалын яам, нийслэлийн Захирагчийн алба, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар гээд олон байгууллагууд талархан хүлээн авч хамтран ажиллана гэж найдаж байгаа. Бид харилцагчиддаа ойлголт, соёл, чадварыг суулгах талаар хамтарч ажиллах учраас тэдэнд боломж их байгаа тул биднээс явахгүй байх. Уг нь энэ шинэ системийн шаардлага, ач холбогдлын талаар аль болох эртхэн мэдэж суралцаад явах нь хожмоо учирч болох эрсдэл, хохирлоос зайлсхийх боломжийг бүрдүүлэх юм. “Байгаль орчин, нийгэмд миний учруулах хохирол банкинд ямар хамаатай юм бэ” гээд явж болох ч хоёр жилийн дараа гэхэд л тэр хүн хамгийн их гэмтэй, хамгийн ихээр бусдыг хохироогч, нийгмийн хариуцлагагүй этгээд болж, энэ хугацаанд олсон болон байгаа хөрөнгөө ч өгөөд барахааргүй хохирол, төлбөрт унаж болох юм.
Манай төр засгийн зүгээс энэ бодлогыг дэмжсэн ямар нэг зохицуулалт суулгаж өгсөн байдаг уу?
Саяхан батлагдсан Байгаль орчны багц хуулиар эрүүгийн гэмт хэрэгтэн болж шоронд суух хүртэл заалт орсон байгаа. Бид ирээдүйд хүлээж болзошгүй эрсдэл, хохирлыг тань хамтарч ярилцъя, урьдчилан сэргийлье, шаардлагатай бол бизнесийн чиглэл шугамыг өөрчлөн байгуулъя, хамтдаа мэргэжлийн зөвлөх байгууллагаас зөвлөгөө авъя, хамгаалъя, төлөвлөгөө гаргая гэхэд “үгүй ээ” гэх хүн гарч магадгүй л дээ. Тийм тохиолдолд бид хорихгүй. Харин биднийг харилцагчдаа, нийгэм, хүн амаа, байгаль орчиндоо илүү ээлтэйгээр бизнесээ явуулахад нь анхаарч, харилцагчтайгаа хамтарч ажиллаад ирэхээр илүү хариуцлагатай, ирээдүйгээ боддог, нийгмийн хариуцлагаа ухамсарладаг харилцагчид харин бидэн рүү ирнэ гэдэгт итгэлтэй байгаа шүү.
Уулын ажлын төлөвлөгөө гээд төрийн байгууллагын хяналт байгаа шүү дээ?
Тийм ээ. Хэдийгээр төрийн байгууллага уул уурхайн байгууллагын үйл ажиллагаа тэр дундаа нөхөн сэргээлтэд хяналт тавьж байгаа ч энэ нь тэр бүр хангалтгүй байгаа нь харагдаж байна. Тиймээс энэ бодлого нь төрийн хяналтын тогтолцооны учир дутагдалтай талыг нөхөж, харилцан уялдаатай ажиллах бүрэн боломжтой. Зөвхөн төрийн эрх бүхий байгууллагуудтай ажиллахаас гадна хэрэв ямар нэгэн үйл ажиллагаа явуулахдаа оршин суугч, уугуул иргэд, хүн ам болон хүрээлэн байгаа орчинд ямар нөлөө үзүүлж байгаагаа урьдчилж тооцоолдог, явцад нь хэмжилт хяналт хийдэг, тайлагнадаг системтэй, итгэлтэй болох юм. Ингэснээр харилцагчдын хувьд гэвэл нэр хүнд нь өсч, хожмоо шүүхэд дуудагдах, торгууль, төлбөрт унах эрсдэл буурна.
Энэ менежмент нэг талаар байгаль орчинд эерэг үр дүнтэй ч нөгөө талаар харилцагчдад тань ашиг тусаа өгөх ёстой байх?
Эхний жилүүдэд хэрэв харилцагчийн бизнес, төсөл нь энэ шинэ системийн үүднээс авч үзэхэд шаардлагатай гэвэл байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээгээ хийлгээд, түүнийг нь бууруулах, нөхөн сэргээх ажлаа зохих ёсоор хийж байгааг нь зөвхөн төрийн эрх бүхий байгууллагууд төдийгүй банк, санхүүгийн байгууллагууд сонирхдог болж байгаа учраас тэдний ажилд ч тустай юм. Хэрэв шинэ системийн шаардлагыг хангахгүй бол банк мэдээж өөрийнхөө бодлогын дагуу шийдвэрээ гаргана. Маш энгийнээр тайлбарлавал, уул уурхайн компани нөхөн сэргээлтээ хийгээгүй тохиолдолд банкаар дахин үйлчлүүлэх боломжгүй болно гэсэн үг. Ингэснээр хувь хүн, байгууллагын хүрээлэн буй байгаль орчин болоод нийгмийн хариуцлага нь илүү сайжрах юм. Үүнийг хүсэхгүй, эсэргүүцэх иргэн, байгууллага байхгүй болов уу гэж бодож байгаа. Дэлхий ээж, байгаль эхдээ хайртай хүн байж тэдгээрийн сэтгэлээр л улс орон хөгжих учиртай шүү дээ.
Ярилцсанд баярлалаа.
Сурвалжлагч А.Ариунболд