ХХБанк нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Монгол Улсад анх удаа зохион байгуулагдсан 18 дахь удаагийн “ABU Robocon 2019” тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллалаа. Энэхүү тэмцээн нь инженер, техник, технологийн чиглэлээр суралцаж буй оюутан, залуусын хичээлийн танхимаар олж авсан мэдлэгийг практик дээр туршдаг хамгийн том, нэр хүндтэй тэмцээн юм.
Түүнчлэн оюутан залуусыг бүтээлч сэтгэхүй, багаар ажиллах, ачаалал даах, цаг барих чадварт сургах өндөр ач холбогдолтой билээ. Энэ жилийн тэмцээнд нийт 16 орны 17 баг, тамирчин өөрийн оюун ухаанаа шингээж бүтээсэн роботуудаар өрсөлдлөө.
Манай улс энэ жил эх орондоо зохион байгуулж буй давуу эрхийн хүрээнд хоёр баг өрсөлдүүлэх эрхтэй болсон. Улсдаа байр эзэлсэн эхний 2 баг оролцсон нь хоёул ШУТИС-ийн баг, тамирчид байлаа. Ингээд тэмцээний талаарх ШУТИС-ийн баг гишүүд болон дасгалжуулагч багш нарын сэтгэгдлийг тоймлон хүргэж байна.
Тэд 6 сарын турш багаараа тусдаа байрлан тэмцээндээ шаргуу бэлтгэжээ. Ихэнх хүүхдүүд нь Увс, Завхан, Баян-өлгий гэх аймгуудаас ирсэн оюутнууд байдаг юм байна. Зун болгон амралтаараа гэртээ яаран очдог ч энэ удаа тэмцээний бэлтгэл гээд нутаг руугаа явж чадаагүй тухайгаа хэлж байлаа. Зарим нь амралтаараа ажил хийн сургалтын төлбөрөө олдог ч мөн л тэмцээн гээд ажил хийж чадаагүй гэнэ. Гэхдээ юу юунаас илүү олон зүйлийг сурсан цаг хугацаа байсан гэдгийг бүгд онцолж байлаа.
Ц.Хүрэлбаатар (ШУТИС Электроникийн тэнхимийн багш, доктор) Чадварлаг инженерийг бий болгоход Робокон тэмцээн маш том нөлөөг үзүүлж байгаа. Мөн Монголын техник, технологийн хөгжилд их хувь нэмэртэй байна.
Бид энэ салбарын хөгжлийн төвшин, индикатор хаана явж байгааг хардаг ганцхан тэмцээн бол Робокон. Өөр ямар ч тэмцээн байхгүй. Харин тэмцээний түүхэн дэх 18 жилийн хугацаанд Монгол Улсын багууд оролцох болон зохион байгуулах тал дээр ивээн тэтгэгч байгууллагууд дэмжин ажиллаж байгаад талархаж байна. Энэ жил анх удаа Монголдоо зохион байгуулахад ивээн тэтгэгч байгууллагууд чухал нөлөөтэй байсан гэлээ.
Б.Дорж (ШУТИС-ийн Электроникийн тэнхимийн багш) хэлэхдээ:
Бид бусад улс орныг хүний хүчээр давах боломжгүй байна. Бусад улсын 100 сая хүний хийж байгаа зүйлийг 10 хүн суугаад өрсөлдөх боломжгүй. Тиймээс Монголчуудын ганц гарц бол технологи буюу электроникийн хөгжил гэж бодож байна. Одоохондоо бид уул уурхайн баялгаар явж байгаа ч дараагийн 60 жилд техник технологийн хөгжил л нэн тэргүүнд тавигдаж эхлэх болно. Бид хүн ам цөөн ч харьцангуй оюуны чадавх сайтай гэгддэг. Үүнийгээ ашиглаад технологио л сайжруулах хэрэгтэй байна.
Энэ бүхнийг ойлгон жил болгон дэмжин оролцон, энэ жил анх удаа эх орондоо зохион байгуулах үндсийг тавьж буй Худалдаа, хөгжлийн банк болон бусад ивээн тэтгэгч байгууллагууддаа талархаж байна.
Эдгээр ивээн тэтгэгч байгууллагууд маань зөвхөн маркетингаа бодвол олон нийт илүү сонирхдог хүртээмж өндөртэй бусад шоу, нэвтрүүлгүүдийг ивээн тэтгэж болно. Харин үнэ цэн, үр нөлөө, алсын ирээдүйг бодитоор үнэлж инженер болох залуусыг дэмжин Робокон тэмцээнийг ивээн тэтгэж байгаад талархаж байна.