Өр бол айдас биш сургалт

Редакторын үг: Уншигч Та бүхэндээ зориулан Г.Мөнгөний ярилцлагадаа дурдаад өнгөрсөн хуримтлах сэтгэл зүй, хадгаламжийн хүүдээ биш, Та өөрийн дадал зуршилдаа анхаарах тухай бичсэн түүний нэгэн нийтлэлийг хүргэж байна. Үүгээр Та хуримтлалтай иргэн болох эхлэлээ итгэл дүүрэн эхэлж чадна гэдэгт итгэлтэй байна.

АСУУДАЛ ТАНЫ АМЬДРАХ АРГА-д л байна.

Бид маргааш зарцуулах мөнгөө өнөөдөр зарцуулахыг илүүд үздэг онцлогтой. Өр зээлээс салахыг маш их хүсэж байгаа ч өнөөдрийг хүртэл салахгүй явсаар л улам бүр нэмсээр л байгаа. Угтаа бол өр зээлийг бид бодож шаналбал стресс бухимдал болохоос цаашгүй юм. Гэхдээ стресс, бухимдал, гутранги байдал юунд ч хүргэхгүй асуудлыг улам л дордуулна. Харин өр зээлийг тайван бөгөөд нухацтай харвал тэндээс Таны суралцаж болох олон гарц гаргалгаа харагдана. Та харахыг л хүсэхгүй байгаад учир байгаа юм. Жишээ нь би 25 сая төгрөгийн зээлтэй байх үедээ байр түрээслээд түрээсийн зардлаа даваад, хэрэглээгээ даваад, баяр наадмаар аятайхан баярлаад, гэнэт цөм хийгээд амьдралаа дордуулахгүйгээр санхүүгийн эрх чөлөөнд хүрнэ гэсэн утгагүй үзэл бодолд барьцаалагдсанаа олж харсан юм. Зээлээр зээл төлдөг, төлөх цаг нь тулчихсан шаналгаатай байснаас өөр нэгнээс аваад түр аргалах аргыг хэрэглэнэ. Өртэй байхаас үхтлээ айдаг айдас, эргэн тойрныхондоо нэр хүндээ алдахаас айх тэр айдаг мэдрэмж бүхэн намайг 10 сая төгрөгийн өрнөөс цааш нь улам бүр түлхсээр байсан. Өр, зээлийг замбараагүйгээр нэмж, өсгөж байсан өөрийнхөө буруу шийдвэр зан төлөвийг бага багаар засаж, өрөө харж стрессдэх биш би юун дээр алдсанаа харж дахин алдаад байгаа шийдвэрээ гаргахгүйн тулд хэдий хэцүү ч тухтай биш, таатай бус шийдвэрийг гаргаж 10 жил үргэлжилсэн өрөө нэмсээр байсан сургалтдаа 25 сая хүргээд төгссөн юм.

Энэ төлбөр 30, 40 эсвэл 100 сая ч хүрч болох байсан.

Миний сургалтаасаа сурсан зүйл бол. Өр, зээл нэмэгдүүлэх бидний нэг шалтгаан эргэн тойрны найзууд, гэр бүл, хүрээлэл байдаг. Гадуур гарч хооллох, хамт дэлгүүр хэсэх, гадагшаа аялах гээд найз нөхдөдөө муу харагдахгүйн тулд нөгөө нэр хүнд гэсэн хоосон жүжигтээ барьцаалагдан өрнөөс өрийн хооронд шилжилт хийж түүнийгээ дараа олоод өгнө гэсэн хорлонт итгэлээр шийдвэрүүд гаргадаг.

Саяхан нэг бүсгүй санхүүгийн зөвлөгөө авсан юм. Түүний хувьд 40 сая төгрөгийн зээлтэй. Зээлийнх нь 50 хувь буюу 20 сая нь 4–8 хувийн хүүтэй зээл хувь хүмүүсээс авсан байв. Бодитоор бол 40 сая төгрөгийн сургалтад суусан нэгэн юм. Харин төлбөрөө төлсөн ч юу сурсан бэ гэдгээ харахгүй бол сургалтын төлбөр дахин нэмэгдэж үргэлжлүүлэн зовох дадлага ажил үргэлжилдэг. Хамгийн сонирхолтой нь түүний надад хэлсэн үг анхаарал татсан. “НАДАД яг одоо 20 сая байвал бизнес хийгээд энэ бүх өрөө төлөөд цаана нь 10 саяын ашиг гарах гээд байна” гэсэн итгэлтэй царай. Дийлэнхдээ өртэй хүмүүс ямар нэгэн бизнес санаатай явж байдаг. Ихэнх мөнгөтэй хүмүүс бизнес санаагүй байдаг. Учир нь таны гайхалтай санаа таныг хоосолж өрөнд улам бүр шумбах шалтгааныг өгч байдаг. Тэгэхээр дээрх 40 сая төгрөгийн бодит өртэй эмэгтэй сургалтдаа сууж суралцаагүй тул тархиндаа дахин 20 сая төгрөгийн өртэй байна гэсэн үг. Түүний нийт өр 60 сая төгрөг юм. Мөнгө тогтоохгүй байдал Таны тархины программчлал буюу Та өнгөрсөн өр зээлээсээ юу ч суралцахгүй, хэнэггүй дээгүүр хараад яваад байгаа байдал юм.

Хадгаламжгүй байдаг бидний философи бол “Мөнгөний ханш унаж байгаа тул Та хадгалаад хэрэггүй удалгүй ойрын 5 жилд Таны мөнгө цаас болно” гэж ярьж байсан нэг хүний өөртөө итгэлтэй яриа санаанд орж байна. Би асуумаар байна. Хэн гэж хүн хадгалж байгаад мөнгө нь цаас болсон юм бэ? Та тийм байдалтай хэн нэгэнтэй учраад хадгалдаг зан нь түүнийг сүйрүүлсэн тухай бодит түүх хаанаас олж мэдэв гэж асуусан. Харамсалтай нь мөнгөө эргэлтэд оруул тэгвэл ашигтай гэсэн бодолдоо итгэлтэй үлдсэн. Тэрээр өртэй байх сургалтдаа хангалттай хамрагдаж ойлгоогүй бололтой гэж бодон, би биш өр Таныг ухааруулах цаг ирнэ гэж бодоод орхисондоо.

Өр зээлд баригдсан атлаа хадгалдаггүй дараагийн нийтлэг ойлголт бол “Бид хүнд дээрэлхүүлэхгүйн тулд аятайхан цаг зүүж, өмссөн зүүснээр үнэлэгддэг тул гайгүй брэндийн хувцас өмсөж цаг үеэ дагаад сайн утас хэрэглэх, өөрийнхөө өсөж хөгжиж байгаагаа илэрхийлэхийн тулд машинаа сайжруулах ёстой” гэж ярих яриа юм. Миний уншсан “Саятан хөрш” номд Америкийн баячуудын дунд хийсэн судалгаа байв. Гарцаагүй ядуу амьдрах эсвэл байгаа газартаа үүрд үлдэх магадлалтай хүний зан төлөв бол эд материалаар элбэг дэлбэг байдаггүй хүмүүс амжилтгүй хүмүүс байдаг гэдэгт итгэдэг үзэл хандлага гэсэн байна.

Та амжилттай яваад байгаа юм биш Та амжилттай мэт жүжиглээд байгаа хэрэг юм. Нэг л өдөр жүжиг дуусна. Та шоронд эсвэл өрөнд ороод нэг мөр хэн ч биш болно.

Үнэндээ бидний хадгаламжид занал хийлдэг зүйл нь бүх өрөө дарах гэж яардаг төлөв, бүх хэрэгцээгээ хангаж бусадтай яг ижил эргэн тойрныхонтойгоо адилхан хэрэглэж эдлэх ёстой гэж боддог бодол, авахыг хүсдэг зүйлдээ яарч шунадаг шунал, бизнес эрхлээд цөм авна гэсэн итгэл, өөрийгөө эрсдэлд оруулан байж зээл өгөн бусдад тусалж байгаа нэртэй утгагүй халамж зэрэг ордог.

Юунд яарна вэ? Амьдралд тав тухтай байх, сайхныг хэрэглэх цаг, байр аваад доторхыг нь тохижуулах цаг, бусдад нэр хүндтэй байх цаг, өрнөөсөө гарах цаг, ээж аавыгаа хайрлаж халамжлан тэтгэмж өгч баярлуулах цаг, бизнес эрхэлж нэмэлт орлогын сувгаа тэлэх цаг энэ бүхэн бүгд өөрсдийн цагтай бас шаттай.

2020 онд АЛНА гэчихсэн байгаа хүмүүс мөнгө байхгүй бол юугаараа алах гэж байгаагаа өөрөөсөө асуугаарай. Фитнес хийж сайхан бие хаатай болох, өндөр орлоготой ажил хийж их мөнгөтэй болох, хоолны дэглэм барьж эрүүл байх гээд энэ бүхэн мөнгө дуусахад дагаад зогсоно. Танд хамгийн хүнд цаг үед хадгаламжийн дадал зуршил эхийн хайр шиг бодит гэдгийг сануулахыг хүслээ.

Лектор Г.Мөнгөн