Мэдээ / Sep 29, 2017

Худалдаа, хөгжлийн банк Зээлийн батлан даалтын сан хамтран жижиг, дунд бизнес эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгох гэрээнд гарын үсэг зурлаа

Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсын Засгийн газарт 60 сая ам.долларын санхүүжилт олгох “Зээлийн батлан даалтын тогтолцоог дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлж, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх МОН 3338 төсөл”-ийг 2015 оны 12-р сард баталсан  бөгөөд энэхүү төслийг Зээлийн батлан даалтын сантай хамтран хэрэгжүүлэх банкаар Монгол улсын арилжааны банкуудаас Худалдаа, хөгжлийн банк шалгарч, 2017 оны 9-р сарын 29-ний өдөр Хамтын ажиллагааны гэрээнд  гарын үсэг зурлаа.

 

Монгол улс нь энэхүү төслийг хэрэгжүүлэгч анхны орон болж байгаагаараа онцлог бөгөөд тус хамтын ажиллагааны гэрээний хүрээнд Худалдаа, хөгжлийн банк нь жижиг, дунд бизнес эрхлэгчдийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих, өргөжүүлэх зорилгоор 10 хүртэлх жилийн хугацаатай, зах зээлийн хүүнээс бага, жилийн 12-15 хувийн хүүтэй зээл олгох таатай нөхцөл бүрдэж байгаа юм.

 

Жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлд Худалдаа, хөгжлийн банк нь олон төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирсэн, туршлагатай найдвартай банк юм. Тухайлбал, Дэлхийн банкнаас хэрэгжүүлсэн Хувийн хэвшлийг хөгжүүлэх, Техник туслалцааны хөтөлбөр, хөрөнгө оруулалтын төслийн 1999-2005 онуудад I шат, 2006-2011 онуудад II шатанд амжилттай оролцож байсан. Мөн 2006 оноос эхлэн Японы олон улсын хамтын ажиллагааны банк Жайкатай хамтран "Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах хоёр үе шаттай зээлийг олголоо.   

 

Монгол Улсын Зээлийн батлан даалтын сан нь барьцаа хөрөнгийн дутагдалтай жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжиж, батлан даалт гарган хамтран ажилладаг, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, иргэдийн орлогын тогтвортой эх үүсвэрийг хангахад чухал ач холбогдол бүхий байгууллага юм.


Хаяг, Байршил Валютын ханш Тооцоолуур Facebook Twitter Youtube Онлайн туслах Холбоо барих