Мэдээ / Sep 28, 2017

Visa Paywave технологи бүхий олон улсын Алтан кредит картыг анх удаа зах зээлд нэвтрүүллээ

Худалдаа, хөгжлийн банк олон улсын Алтан кредит картаа шинээр зах зээлд нэвтрүүлэхдээ Visa International байгууллагатай хамтран төлбөрийн картаа зайнаас мэдрэх Visa payWave технологийг Монгол Улсад анх удаа нэвтрүүллээ.

“PayWave” технологи нь Ази тивд явагдаж байгаа Visa картын шууд гүйлгээний 28 хувийг эзэлдэг бөгөөд дэлхийд технологийн хөгжлөөрөө тэргүүлэгч Сингапур улсад 52 хувь, Шинэ Зеланд улсад 62 хувь, Австрали улсад 84 хувийг эзэлж байгаа нь энэхүү технологийн хэрэглэхэд хялбар шинж чанарыг харуулж байна.

Энэхүү технологийг нэвтрүүлснээр төлбөр тооцоо урьд урьдынхаасаа илүү шуурхай хийгдэж, нэгж гүйлгээний хугацаа багасах, дараалал ихтэй үйлчилгээний байгууллагуудын ачаалал багасах ач холбогдолтойгоос гадна Худалдаа, хөгжлийн банкны харилцагчид дэлхийн хаана ч очсон Visa payWave технологиор худалдан авалтаа хийх боломж, гарцыг нээж өгч байгаа юм. Үүгээр ч зогсохгүй, Монголд ирсэн гадаадын иргэд ХХБанкны карт уншигч машинтай аль ч худалдаа, үйлчилгээний газарт payWave технологи ашиглан өөрийн картаараа худалдан авалтаа хийх боломжтой. Энэ нь Монгол улсын төлбөр тооцооны технологийн хөгжлийг дахин нэг шат урагшлуулж буй нэр хүндтэй үйл явдал болж байна. Энэ ч үүднээс Visa International байгууллага 2017 оны “Бүтээгдэхүүний Шилдэг Инноваци” шагналаар Худалдаа, хөгжлийн банкны Visa payWave технологийг шингээсэн Алтан кредит картыг шалгарууллаа.

Түүнчлэн бид, Visa International байгууллагатай 1992 оноос хамтын ажиллагаагаа эхлүүлж байсан бөгөөд энэ жил хамтын ажиллагааны 25-н жилийн ой тохиож буйг тохиолдуулан Visa International байгууллагад “Шилдэг түншлэлийн” шагналаа гардууллаа.

Бид орчин үеийн дэлхийн чиг хандлагад нийцсэн дэвшилтэт, найдвартай үйлчилгээг харилцагчиддаа хүргэхийг үргэлж зорин ажиллаж ирсэн билээ. Тухайлбал, Visa International байгууллагатай хамтран 2001 онд Олон улсын виза картыг зах зээлд нэвтрүүлж, 2005 онд “Verified by Visa - Acquiring” төслийг хэрэгжүүлэн Монголын интернэт худалдаа эрхлэгчдийнхээ найдвартай байдлыг хангаж байсан гээд дурдвал олон амжилттай төслүүдийг эдгээр он жилүүдэд хэрэгжүүлж ирсэн тухай нэрлэж болохоор байна.


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур Facebook Twitter Youtube Онлайн туслах E-Brochure Холбоо барих