Мэдээ / Mar 13, 2015

Худалдаа, хөгжлийн банк шатсан 40,000 долларыг солиулж өгч, харилцагчаа баярлууллаа

2013 оны 08-р сарын 23-нд Нарантуул олон улсын худалдааны төвд гал түймэр гарч, олон арван лангуу түрээслэгч иргэд их хэмжээний хохирол амсаж байсан билээ. Энэхүү түймэрт 40.000 ам.доллараа шатаалгаж, хамгийн ихээр хохироод байсан иргэдийн нэг П.Чанцалдуламд Худалдаа, хөгжлийн банк 40.000 ам.долларыг нь шинээр нөхөн олгосон юм. Энэ талаар бид ярилцлаа.

Хувиараа бизнес эрхлэгч П.Чанцалдулам:
"Мөнгөө шатаалгаад яахаа мэдэхгүй аргаа бараад явж байхад тусласан ХХБ-нд баярлалаа"

-Та Нарантуул зах дээр хэдэн жил наймаа хийж байна? Тухайн үеийн гал түймэрт Нарантуул захын ихэнх хүмүүс бараагаа шатаалгасан бол таны хувьд бараанаас гадна их хэмжээний ам.доллар шатсан юм байна?

-Би Нарантуул худалдааны төвд 10 гаруй жил лангуу түрээсэлж, гоо сайхны бараа болон нүдний шил зардаг. Тухайн үед бараагаа татахаар Солонгос руу явах гэж байсан тул түймэр болохын өмнөх өдөр 8-р сарын 22-нд долларын ханш судлаад, 20.000 ам.долларыг ХХБ-ны Төв салбар дээр, 18.000 ам.долларыг ойролцоох Хаан банкны салбарт солиулж, 2.000 ам.долларыг Найман шаргын ченжүүдээс авсан юм.

Мөнгөө солиулчихаад Нарантуул орж лангуугаа хаахдаа шүүгээндээ мөнгөө хийж, цоожлоод явтал маргааш нь буюу 8-р сарын 23-ны үүрээр манай хүүхдүүд над руу залгаж, Нарантуул шатаж байна гэхэд нь үнэхээр их цочролд орж, шууд Нарантуул руу очсон. Намайг очих үед цагдаа нар битүүмжилсэн байсан л даа. Тийм их хэмжээний доллар маань дотор шатаж байгааг харахад маш хүнд байсаан.

-Мэдээж сэтгэл санааны хувьд хэцүү байсан байх. Та тэгээд хаана, хаана хандсан бэ? Мөнгөө яаж бүгдийг нь солиулж авсан бэ гэдэг нь уншигчдад сонин байгаа байх?

-Манай лангууны нүдний шилны хуванцарууд нь хайлаад ууттай доллартой наалдсан байсан болохоор долларууд бүрэн шатаагүй, гэхдээ бүх дэвсгэртүүд тал талаасаа шатсан байсан. Их хэмжээний мөнгөтэй холбоотой учраас Монголбанк шатсан долларуудыг анх битүүмжилж авсан. Надтай адил бэлэн мөнгө нь шатсан олон хүн байсан ч монгол төгрөг нь шатсан болохоор Монголбанкнаас шууд сольж өгсөн л дөө. Миний хувьд илүү их хэмжээний мөнгө, дээрээс нь гадаад валют учраас Монголбанкны зүгээс солих ямар ч боломжгүй байдаг гэдгээ надад хэлээд, гадаад харилцаа нь сайтай, олон улсад бусад банкнаасаа нэр хүндтэй гэдгээрээ Худалдаа, хөгжлийн банкинд хандахыг зөвлөсөн. Ингээд ам.доллар солиулсан Хаан болон ХХБ-нд хоёуланд нь хандахад Хаан банкны хувьд энэ нь анхны тохиолдол учраас захирлууддаа мэдэгдээд эргээд холбогдъё гэдэг хариу өгөөд орхисон. Харин Худалдаа, хөгжлийн банкинд хандахад намайг их ойлгож, нааштай хүлээж авч, шийдвэрлэж өгөхөөр болсон.

Шатсан, урагдсан гэх мэт гэмтэлтэй ийм их хэмжээний ам.долларыг гадаадын банк руу явуулж, солиулах хүсэлтийг шийдвэрлэхэд дээд тал нь 1-2 жил ч хүртэл хугацаагаар ч хүлээж магадгүй, гэхдээ бид таны мөнгийг заавал солиулж өгнө гэж хэлсэнд найдаад энэ хүртэл хүлээсэн дээ. Ингээд л 40,000 доллараа өнөөдөр дансандаа хүлээгээд авчихлаа, үнэхээр хэлэх сайхан үг олдохгүй тулгамддаг юм байна. Харилцагчаа ингэж харж үздэг, хэцүү асуудлыг нь шийдвэрлэж өгдөг банк бол Худалдаа, хөгжил юм байна гэж бодогдож байна.

-Та ХХБ-ны харилцагч уу? Мөн нэг зүйлийг тодруулмаар байна, тухайн үед ХХБ-наас солиулсан 20,000 доллароо биш бүх доллароо та солиулаад авсан гэсэн үг үү? 

-Би ХХБ-ны харилцагч. Орон сууцны зээл гэх зэрэг хэд хэдэн зээл өмнө нь авч байсан. Ер нь байнга үйлчлүүлдэг л дээ. Зөвхөн эндээс солиулсан доллараа биш бүх доллароо, 40,000 долларыг бүгдийг нь шинээр нь солиулж өгсөн. Би уг нь бол анх 40,000 доллар худалдаж авахдаа бүгдийг нь Худалдаа, хөгжлийн банкнаас аваагүй шүү дээ, Хаан банк бас Найман шаргаас авсан. “Таны мөнгийг бүгдийг нь солиулах тал дээр бид ажилланаа” гэж ХХБ-наас хэлэхэд яаж тухайн үед бүх доллароо Найман шаргаас очоод авчихаагүй юм бэ гэж дотроо өөртөө баярласан.

Тухайн үед Солонгосоос зээлээр баахан бараа авчихсан, тэрнийхээ мөнгийг ядаж олоод авчих юмсан гэж өдөр бүр л шаналж, санаа зовниж байхад энэ мэдээг сонсоод дотор үнэхээр уужирч, цээж дүүрэн амьсгал авсан даа. Маш их баярласан. Намайг мөнгөө шатаалгаад яахаа мэдэхгүй аргаа бараад явж байхад сэтгэл гарган тусласан ХХБ-ны хамт олонд үнэхээр их баярлаж талархсанаа илэрхийлье.


ХХБ-ны Касс, үнэт зүйлсийн газрын захирал Ж.Цогтбаяр:
"Өнөөдрийн байдлаар муу валютыг экспортод гаргах эрхтэй нь ганцхан ХХБ байна"


-ХХБ яг ямар шат дамжлагаар энэхүү 40,000 ам.долларыг сэргээж өгсөн юм бол?

-Манай Касс, үнэт зүйлсийн газар( КҮЗГ), Хөрөнгө зохицуулалтын газар(ХЗГ), Хуулийн газар(ХГ) болоод Цагдаагийн байгууллага хамтраад шатсан 40,000 ам.долларын дэвсгэрт нэг бүрчлэн банкин дээр салгасан. Харилцагч Чанцалдуламын лангууных нь нүдний шилнүүд хайлж, доллартойгоо наалдсан учраас салгахад их хүндрэлтэй байсан. Ингээд харилцагчид өөрт нь үзүүлж, акт үйлдэж, солигдохгүй байх магадлалтай 1,000 ам.долларыг шатсан үртэс, үнс зэрэгтэй нь бусад ам.долларуудын хамт тусгай саванд хийгээд манай банкны ХЗГ-ын зүгээс АНУ-ын Холбооны нөөцийн сантай холбоо барьж, холбогдож, харилцан ярилцаж, Америк руу явуулсан.

-Үүнтэй төстэй тохиолдол өмнө нь гарч байсан уу? Ийм их хэмжээний ашиглах боломжгүй болсон гадаад валютыг бусад арилжааны банкууд харилцагчид сольж өгөх боломжтой байдаг уу?

-Өмнө нь ийм тохиолдол гарч байгаагүй. Яахав ганц нэг дэвсгэртийг бол банк тогтсон шимтгэлээ аваад эндээ сольж өгдөг. Өнөөдрийн байдлаар муу валютыг экспортод гаргах эрхтэй нь ганцхан ХХБ байна. Бусад арилжааны банкууд сольж өгөх боломжгүй байгаа.

 

ХХБ-ны Хөрөнгө, зохицуулалтын газрын дилер Б.Батдэлгэр:
"Банкны зүгээс ямар ч нэмэлт шимтгэл авахгүйгээр харилцагчид мөнгийг нь бүрэн олгосон"


-Харилцагчийн мөнгийг солиулж өгөхөд гадаадын банктай гол холбох үүргийг гүйцэтгэсэн нь танай газар юм байна. Танайхаас гадны банкуудтай яаж холбоо тогтоож, ажиллаж байж 40,000 долларыг шинээр солиулав?

-Манай банктай гадаад валютын зузаатгал татах гэрээтэй 2 банк байдаг. Ер нь бол банк муу валютуудыг цуглуулж тодорхой хэмжээнд хүрэхэд нь эдгээр банкуудаар дамжуулан солиулж авдаг. Энэ удаад онцгой тохиолдол учраас ямар боломж байна вэ? гэдэг хүсэлтийг хэд хэдэн гадны банкуудад илгээсэн л дээ. Мэйлээ илгээх, зарим руу нь утсаар холбогдох гээд нэлээд цаг зарцуулсан. Ингээд хамгийн сүүлд нь манай банктай хамтын ажиллагаатай банк болох Bank of China, Hong Kong банк нь бусдаасаа илүү боломжийн нөхцөл санал болгосон учраас тус банкаар дамжуулан харилцагчийнхаа ам.долларыг солиулсан.

Хамгийн анх бидний хандсан АНУ-ын Холбооны нөөцийн сангийн мөнгөн тэмдэгт хариуцсан алба нь дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн муу ам.долларыг солих ажлыг дангаараа хариуцдаг учраас ачаалал ихтэй байдаг юм билээ. Муу дэвсгэртүүдийг маш нарийн шалгаж, тусгай лабораторид судалдаг учраас 24 сар хүртэл хугацаанд хүлээх шаардлагатай байдаг. Бидний явуулсан долларыг судалж үзээд 40.000 ам.доллараас 39.000 нь доллар гэж хүлээн зөвшөөрөгдөхөөр байна гэж үзээд Bank of China Hong Kong-д шилжүүлсэн. Үүнээс Bank of China Hong Kong нь үйл ажиллагааныхаа зардалд 300 долларын шимтгэл авч, манай дансанд 38.700 доллар орж, Чанцалдулам харилцагчдаа шууд хүлээлгэн өглөө. Манай банкны зүгээс энэ харилцагчдаа анхнаасаа туслая гэж шийдсэн байсан болохоор банкны зүгээс ямар ч нэмэлт шимтгэл авахгүйгээр мөнгийг нь бүрэн олгосон.

Ярилцсанд баярлалаа,
Б.Мишээл


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт