Мэдээ / Apr 01, 2013

П.Гантуул: Дотоод аудит бол байгууллагын өөрөө өөрийгөө сайжруулах хөдөлгөгч хүч юм

Манай улсад өнөөдөр дотоод аудит гэдэг ойлголт шинэ биш болсон нь байгууллага бүр өөрийн хэр хэмжээнд дотоод аудитын нэгжтэй, энэ нэгжээ нэлээд чухалд тооцон ач холбогдол өгдөг болсоноос харж болох юм. Энэхүү салбарын эргэн тойронд ярилцахаар бид Худалдаа, хөгжлийн банк (ХХБанк) - ны Ерөнхий аудитор П.Гантуулыг ярилцлагадаа урьлаа.

“Монголын дотоод аудиторуудын институт” - ээс Таныг сонгон “Монгол улсын бизнесийн салбарын шилдэг дотоод аудитор”-аар шалгаруулжээ, энэ талаар яриагаа эхлэе?

2003 оноос үйл ажиллагаагаа явуулж байгаа “Монголын дотоод аудиторуудын институт”-ээс төрийн болон бизнесийн салбарт 2012 оны дотоод аудитын шилдэг ажилтнуудыг шалгаруулснаас, бизнесийн салбарын шилдэг аудитораар шалгарсандаа баяртай байна. Үүнийг дотоод аудитад хүчин зүтгэж байгаа хамт олон, биднийг ойлгож, хамтран ажилладаг манай банкны ТУЗ, удирдлагууд, ажилтнуудын маань сайн хамтын ажиллагааны үр дүн гарлаа гэж бодож байна.

Миний хувьд дотоод аудитын чиглэлээр 13 жил тасралтгүй ажиллаж байна. Аудит нь нарийн мэргэшил шаардсан, ачаалалтай, асар өндөр хурд, ур чадвар шаарддаг ажил. Бизнесийн өөрчлөлт, шинэчлэлт, хурдацтай аудитор хүн эн зэрэгцэхүйц, магадгүй тэр хурдацаас түрүүлж байж гэмээнэ сайн аудитор байх учиртай. Нөгөө талаас аудитын ажил үүрэг нь аудиторыг үргэлж хөгжүүлж, шинэ зүйлийг олж мэдүүлж байдаг, сонирхолтой, хариуцлагатай ажил байдаг.

Аудитор хүн мэргэжлийн ёс зүйн хувьд шилдэг, бас хүлээн зөвшөөрөгдөхүйц нэр хүндтэй байх ёстой гэж би боддог. Таны хувьд ямар хүнийг жинхэнэ аудитор хүн байна даа гэж хардаг вэ?

Тухайн аудитор гадаад аудитор уу, дотоод аудитор уу аль алинд нь мэргэжлийн ёс зүй чухал. АНУ-д төвтэй “Дотоод аудиторуудын институт” байгууллагаас дотоод аудиторуудын “Ёс зүйн дүрэм” - ийг баталсан байдаг. Энэ дүрэм нь аудиторуудын зан суртахууны болоод биеэ авч явахын наад захын шаардлагууд юм. Дүрэмд аудитор нь нэгдүгээрт шударга байх, хоёрдугаарт аливаад бодитой хандах, гуравдугаарт нууцыг хадгалах, дөрөвдүгээрт ур чадвартай байх зарчмуудыг баримтлан ажиллахыг заасан байдаг. Аливаа хүнтэй хамт ажиллаж, харьцаж байж л танина шүү дээ. Аудиторт мэргэжлийн болон харилцааны ур чадвар аль аль нь байх ёстой.

Аудитын ажил бол ерөнхийдөө төсөл юм. Тодорхой нэг хугацаанд эхлээд, тодорхой хугацаанд дуусч байдаг. Тухайн төслийн зорилго, гүйцэтгэгдэх ажил нь аудиторын ажлын туршлага, мэдлэг боловсролтой нийцэж байвал сайн. Нөгөө талаас аудит бол багийн ажил. Хувь хүнийхээ хувьд аудиторууд эвсэг, нэг зорилготой сайн хамтрагчид байх хэрэгтэй. Мөн байнга суралцах эрмэлзлэлтэй, шинийг эрэлхийлдэг, санаачлагатай байхгүй бол тодорхой хугацааны дараа аудиторын ажлын шаардлагыг хангахаа больдог. Тэгэхээр туршлагатай, ажилдаа сэтгэлээсээ дуртай байж л жинхэнэ аудитор төрдөг.

Зөвхөн аудитор ч гэлтгүй ямар ч хүн аливаа ажлыг үнэн сэтгэлээсээ хандаж хийх нь амжилтын нууц юм. Энэ бол миний баримталдаг, бусдад хэлдэг үг. Хүн ямар ч ажил хийж болно. Гагцхүү өөрт байгаа нөөцөө дайчилж ажиллах л хэрэгтэй. Хүн бүрт өөрийн гэсэн онцлог, үнэ цэнэ заавал байгаа. Түүнийгээ илрүүлж, зөв залуурдаж ажиллавал амжилтад хүрнэ.

Таны бодлоор аудитын ажлын сайхан нь, бас сул тал нь юу вэ?

Аудиторын олж авсан мэдлэг, ур чадвар нь эргээд тухайн хүнд үр өгөөжөө харамгүй өгч байдаг. Аудитор байсан хүн илүү хариуцлагатай, олон талын мэдээлэл, мэдлэгтэй болсон байдаг. Манай банкны Дотоод аудитын газраас бусад нэгжүүдтэй харьцуулахад хамгийн олон удирдах албан тушаалтнууд төрсөн. Өөрөөр хэлбэл, сайн бэлтгэгдсэн боловсон хүчин аудитаас төрдөг гэсэн үг.

Үүнээс гадна хүнтэй харилцах харилцаа, өөрийн байр сууриндаа бат зогсож хэлцэл хийх чадвар, бас нээлттэй хэрнээ нягт нямбай хандлагатай болсон байдаг. Зарим мэргэжлийн ажлыг нас ахихын хэрээр хийх боломж хязгаарлагддаг бол аудитын ажлын хувьд туршлага хуримтлуулахын хэрээр илүү үнэ цэнэтэй байх нь том давуу тал юм.

Харин сул талын хувьд ажлын ачаалал ихтэй, ажиллах талбар маань өргөн хүрээг хамарсан байдаг тул өөртэйгөө байнга ажиллахыг шаарддаг нь цаг хугацааны хувьд хүндрэл үүсгэх нь бий. Аудитаар олж илрүүлсэн зүйлсийг хүлээн зөвшөөрүүлэхтэй холбоотойгоор аудиторуудад бусадтай санал нийлэхгүй байх тохиолдол гардаг ч бид асуудлыг аль болох чин шудрага, зарчимч, эв зүйгээр зохицуулахыг хичээдэг.

Банкуудын дотоод аудит ямар байгаагаас тэр банк унах, босох нь нэлээн хамаардаг юм шиг надад санагддаг, банкуудын жишээг харж байхад. Мэдээж хэрэг, менежментийн бодлого гэх зэрэг өөр томоохон хүчин зүйлүүд бий. Нууц биш бол ХХБанкны дотоод аудитын баримталдаг гол чиг шугам нь юу вэ?

Байгууллага сайн засаглалтай байя гэвэл сайн дотоод аудиттай байх хэрэгтэй. Сайн дотоод аудиттай байя гэвэл Гүйцэтгэх удирдлагаасаа хараат бус байх хэрэгтэй. Дотоод аудит бол байгууллагын өөрөө өөрийгөө сайжруулах механизм буюу хөдөлгөгч хүч нь байдаг. Монгол улсын банк санхүүгийн салбарт дотоод аудит харьцангуй сайн хөгжсөн.

ХХБ - ны хувьд байгуулагдсан цагаасаа л дотоод аудитын бааз суурийг сайн тавьж өгсөн төдийгүй, аудиттай холбоотой заавар журмаа тухай бүр шинэчилж, эрсдэлд суурилсан аудитын ажлын төлөвлөгөөг бий болгон ажиллаж ирсэн. Бид тухайн жилд банкны удирдлагууд ямар бодлого баримталж байна, түүнтэй уялдуулан жил бүр дотоод аудитын заавар журмаа эргэн харж, системтэйгээр тогтмол өөрчилж шинэчилдэг. Дотоод аудит өөрөө ингэж өөрчлөгдөж, байнгын шинэчлэлтэй байхаас аргагүй онцлогтой нэгж. Тухайлбал, манай банк энэ 2013 оныг “Бүтээмжийн жил” болгон зарласантай холбогдуулан бид мэдээллийн урсгалд аудит хийхээр төлөвлөсөн байгаа.

Аудит нь шалгаж, шалгалтад хамрагдсан нэгжид болон Гүйцэтгэх удирдлагад аудитын тайлангаар зөвлөмж, үүрэг даалгавар өгөх, өгсөн үүрэг даалгавар, зөвлөмжийн дагуу Гүйцэтгэх удирдлага арга хэмжээ авч, алдаа дутагдлаа засаж залруулах, аудитын зөвлөмжөөр өгсөн үүрэг даалгавраа эргэн хянаж мэдээлэх зарчмаар уялдаа холбоотой ажилладаг нь ХХБ - ны давуу тал. Товчхондоо бол банкны ТУЗ, Гүйцэтгэх удирдлага болон дунд шатны менежерүүд, ажилтнууд дотоод аудитдаа итгэдэг. Нөгөөтэйгүүр бидний баримталдаг чиг шугам бол өндөр эрсдэлтэй үйл ажиллагаа, ажил үйлчилгээнд иж бүрэн болон хэсэгчилсэн аудитыг богино давтамжтай хийхийг чухалчилдаг, харин харьцангуй бага эрсдэлтэй, хэвшсэн үйл ажиллагаанд заавал ойр ойрхон аудит хийгээд байх шаардлагагүй гэж үздэг. Энэ балансыг л зохистой удирдаж ажилладагаа давуу тал гэж боддог.

Дотоод аудит бол хараат бус, бие даасан байх ёстой гэлээ. Ялангуяа, банкны хувьд харилцагчдын хөрөнгө хатуу хяналт дор, зүй зохистой зарцуулагдаж байгаа эсэхэд дотоод аудит гол анхаарлаа хандуулдаг уу?

Дотоод Аудитыг ихэнх хүмүүс дотоод хяналт гэж ойлгодог. Өөрөөр хэлбэл, өдөр тутмын хяналтыг дотоод аудитын ажил гэж үздэг нь буруу ойлголт юм. Дотоод аудит бол Гүйцэтгэх удирдлагаас хэрэгжүүлж байгаа өдөр тутмын үйл ажиллагааны дотоод хяналт ямар байна, хэр үр дүнтэй байна гэдгийг баталгаажуулдаг үйлчилгээ юм. Мөн баталгаажуулалттай холбоотойгоор зөвлөгөө өгөх үйлчилгээ ч аудитад хамаардаг.

Банк бол итгэлцлийн байгууллага, тухайн банкны эрсдэлийн удирдлага нь хувьцаа эзэмшигчид, үйлчлүүлэгч, харилцагчдын хөрөнгийг эрсдэлээс урьдчилан сэргийлж хамгаалах, дотоод аудит нь дараалсан хяналтаар хянаж баталгаажуулж байх аваас тухайн банкны бизнесийн болон үйл ажиллагааны эрсдэлийг зөв голдрилоор удирдаж чадна. Өөрөөр хэлбэл, дотоод аудит бол тухайн байгууллагын хөрөнгийг хамгаалах эцсийн шатны хамгаалалт юм.

Аудит гэхээр хүмүүс жийрхдэг, хяналт шалгалт гээд л. Ажлыг тань эргэн тойрны хүмүүс, хамтран ажиллагсад тань ойлгодог уу, яаж хүлээж авдаг вэ?

Нэг үеэ бодвол хүмүүс аудитыг сайн ойлгодог, эерэгээр хүлээн авдаг болсон байна. Байгууллагын хяналт шалгалтын ажилтнууд нь хяналтын байцаагч, байцаагч, хяналтын ажилтан, хянан шалгагч гээд янз бүрийн нэршил бүхий албан тушаалтай байж ирсэн. Миний бодлоор албан тушаалын нэршил чухал, тэр ажлын байранд хийгдэх ажлыг олон улсад яаж нэрлэж, ойлгож байна, бид тэр жишгээр байх нь зүйтэй болов уу. Аудитын ажлыг гүйцэтгэдэг бол аудитор, хянагчийн үүрэг гүйцэтгэдэг бол хяналтын ажилтан зэргээр ажлын байрны зорилго, зааг ялгааг нь тодорхой байлгах хэрэгтэй. Хувийн хэвшлийн дотоод аудитын хувьд акт тогтоох, торгууль тавих зэрэг нь байхгүй болсон шүү дээ. Бид аудитын зөвлөгөө өгдөг, түүнийг Гүйцэтгэх удирдлага хэрэгжүүлдэг. Шалгаж байгаа, шалгуулж байгаа хоёр тал тус тусдаа биш, нэг нэгэнтэйгээ өрсөлдөхгүйгээр хамтарч ажиллаж байж тухайн асуудлыг шийдвэрлэх арга зам, шийдлийг олно. Зөвлөмж хэрэгжих боломжтой, хүлээн зөвшөөрөгдсөн, аль болох бага зардалтай байвал ажилтны ч ажил сайжирна, цаашлаад байгууллагын ч ажил сайжирна.

ХХБ-ны стратегийн чухал ач холбогдолтой шийдвэрүүд гаргадаг Удирдлагын хороонд миний бие гишүүн байгаа нь манай банкны топ удирдлагууд дотоод аудитдаа өндөр ач холбогдол өгдөг нь харагдаж байгаа байх. Бид чухал мэдээллийг цаг алдалгүй олж авснаар хамтын ажиллагаагаа илүү үр дүнтэй болгоход чиглэсэн үйл ажиллагаа явуулж байна. Олон улсын практикт дотоод аудитын ямар ямар үе шатууд байна, бид тийм л шат дамжлагаар банкиндаа дотоод аудитыг хэрэгжүүлж байгаа. Үүнийг мэргэжлийнхээ чиглэлийн олон улсын хурал чуулган, сургалт семинарт оролцохдоо бусад компаниудын аудит хариуцсан захирлуудтай уулзахдаа мэдэрдэг.

Мөн аудитын нэгжтэйгээ бусад ажилтнууд маань хангалттай хэмжээнд хамтарч ажиллаж байгаа гэж бид дүгнэдэг. Аудитын нэгж ямар зорилготой, ямар бодлоготой, аудиторууд юу хийдэг, ямар туршлагатай, үйл ажиллагааг чинь сайжруулах эерэг хандлагатай гэдэгт дотоод маркетинг тогтмол явуулдаг. Хэрвээ тухайн газар нэгжид, эсвэл удирдлагад ямар нэгэн шийдвэрлэхэд хэцүү асуудал тулгарвал биднээс мэргэжлийн туслалцаа хүсдэг, бид ч харамгүй туслахыг хичээдэг. Ер нь дотоод аудитдаа үйлчлүүлэгчид нь итгэхгүй, ойлгохгүй бол ямар ч үр дүнгүй.

Мэдээллийн технологийн аудитыг арилжааны банкуудаас ХХБанк анхлан бий болголоо. Энэ ажилд таны хүч хөдөлмөр, оролцоо маш их байсан гэж сонссон. Мэдээллийн технологи асар хурдацтай хөгжиж байгаа өнөө үед дотоод аудит энэ чиглэл рүү голлон анхаараад эхлэв үү?

Бид мэдээллийн эринд амьдарч байна, банкны ажил үйлчилгээ, харилцагчийн гүйлгээ бүгд мэдээллийн технологийн тусламжтайгаар шуурхай явагдаж байна. Ийм өргөн хүрээг хамарч байгаа учраас л мэдээллийн технологийн аудит нь олон улсад дотоод аудитын нэгэн бие даасан чиглэл болсон.

Миний хувьд 2000 онд Хадгаламж банкинд программ зохиогчоор ажиллаж байхдаа мэдээллийн технологийн ур чадварыг дотоод аудитад ашиглах нь үр дүнтэй юм байна гэдгийг ойлгосон. Цаг хугацаа, зардлыг дээд зэргээр хэмнэнэ, мөн санхүүгийн аудитын хувьд яг юуг шалгах вэ гэдгийг оновчтой гаргаж ирнэ.

Өнөөдөр арилжааны банкуудын дийлэнх бүтээгдэхүүн, үйлчилгээнүүд мэдээллийн технологид суурилж байгаа шүү дээ. Мобайл банк, интернэт банк, Мост мони, төлбөрийн карт гээд. Иймд, мэдээллийн технологийн аудитыг хөгжүүлэх шаардлага зайлшгүй урган гарч байна. Бид 2011 онд банкны мэдээллийн технологийн аюулгүй байдалд penetration test аудитыг гүйцэтгэсэн. Энэ нь тодорхой технологиор банкны мэдээлэлд гаднаас халдах боломжтой байна уу, банкны систем ямар хариу үйлдэл үзүүлж байна вэ гэдгийг тестэлдэг аудит юм. Мөн өнгөрсөн 2012 онд Делойт онч аудитын байгууллагаар мэдээллийн технологийн үйл ажиллагаандаа гадаад аудит хийлгэсэн.

Манай банк мэдээллийн технологийн хувьд хаана явж байна, өнөөгийн нөхцөл байдлаас илүү байхын тулд юуг сайжруулах шаардлагатай гэдгээ мэдэж авснаас гадна мэдээллийн технологи, түүний аюулгүй байдал, эрсдэлийн удирдлага, аудит гэсэн дөрвөн чиглэлийг зэрэг хөгжүүлэх хэрэгтэй юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Иймд, 2013 онд бид мэдээллийн технологийн аудитаа улам хүчирхэг болгох зорилт тавиад ажиллаж байна.

Танаас нэлээд зарчимч аудитор хүний зан төлөв шууд мэдрэгдэж байна. Гантуул гэдэг бүсгүйг хувь хүн талаас нь танилцуулаач?

Миний бие Улаанбаатар хотод төрсөн, үхэр жилтэй. Нийслэлийн 10-н жилийн 23-р дунд сургуулийг 1990 онд төгссөн. Багшийн их сургууль, СЭЗДС-иудыг төгссөн, математикч, банк санхүүч-зээлийн эдийн засагч мэргэжилтэй.

Би өөрийгөө их азтай хүн гэж боддог, надад хичээл зааж байсан багш нар маань үнэхээр үлгэр дууриалал болсон, сайхан хүмүүс. Орос, монгол багш нарын маань зааж сургасан зүйлс одоо ч надад эрхэм байдаг.

Анх Батлан хамгаалах яамны Тооцоолох төвд, дараа нь төрийн өмчит Хадгаламж банкинд ажиллаж байлаа. ХХБанкинд 2001 онд Хяналт шалгалтын газарт ажилд орж, аудиттай холбоотой бүхий л албан тушаалд ажиллаж үзлээ дээ (инээв. сурв.). Түр хугацааны ажилтан, аудитор, ахлах аудитор, захирлын үүрэг гүйцэтгэгч, газрын захирал, ерөнхий аудитор гээд л. Мөн банкныхаа үе үеийн аудиторуудтай гар нийлж, хүнийг ажиллуулсан шиг ажиллуулж, урамшуулсан шиг урамшуулж чаддаг энэ банкинд ажиллаж байгаадаа сэтгэл дүүрэн байдаг. Дуртай ажлаа хийж, сайхан хамт олонтой байна гэдэг хамгийн сайхан зүйл юм.

Паламдоржийн Гантуул хэмээх гялалзсан бүсгүйтэй ийнхүү ярилцлаа. Тэр нэлээд яаруу, цаг хугацаатай уралддаг нэгэн юм шиг санагдлаа. Гэр бүлийн хүн нь мэдээллийн технологийн компанитай, 3 хүүхдийн ээж, амьтанд хайртай, нохой тэжээдэг, орон орны соёл, уламжлалын онцлогийг харуулсан ном унших дуртай, англи орос хэлээр чөлөөтэй харилцдаг, өндөр боловсролтой нэгэн...

Дээд сургуульдаа багшаар ажиллах санал авсан ч хувь заяаны төөргөөр дотоод аудиттай амьдралаа холбон ажиллах болсон тэрээр өнөөдөр банкны салбарт амжилт өндөртэй ажиллаж байна.

Т.Танан


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт