Мэдээ / Jan 22, 2013

О.Орхон: Өдөр болгон шинэчлэгдэх нь өөрөө шинжлэх ухаан юм

Бид энэ удаа Монголын банкны салбарын тэргүүн эгнээнд явдаг эрч хүчтэй, чадварлаг нэгэн банкирийг ярилцлагадаа урилаа. Одоогоос 15 жилийн өмнө анх Худалдаа, хөгжлийн банкинд эдийн засагчаар ажилд орж, өнөөдөр тус банкны Гүйцэтгэх захирлын Тэргүүн орлогчийн албан тушаалд амжилттай ажиллаж, ажилтнуудынхаа үлгэр дууриалал болсон О.Орхон захиралтай ярилцлаа.

Таныг банк санхүүгийн салбарынхан болон харилцагч, үйлчлүүлэгч нар тань сайн танина. Харин энэ удаад Харилцагчдын сонины уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

Миний хувьд багаасаа эдийн засагч болох мөрөөдөлтэй байсан тул математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ангид суралцаж, улмаар МУИС-ийн ЭЗС-ийг сонгон, 1997 онд банкны эдийн засагч, бизнесийн удирдлагын мэргэжлээр төгссөн. Банк санхүүгийн салбарыг сонгосны учир нь тухайн үед манай салбар зах зээлийн нийгэмдээ шинэхэн, энэ утгаар дөнгөж үүсгэн байгуулагдаж байлаа. Тэр дундаа Худалдаа, хөгжлийн банк төрийн өмчит хамгийн том арилжааны банк, гадаад дотоод төлбөр тооцоог бараг дангаараа хийдэг, хамгийн нэр хүндтэй банк байсан. Нэрнээсээ ч гэсэн “Хөгжлийн” гэдэг үг байх жишээтэй. Бүх л талаараа шилдэг, шинэ банк байсан. Худалдаа, хөгжлийн банкинд ажилд орно гэдэг бол тухайн үедээ надад зүүд юм шиг, биелэгдэшгүй зүйл шиг санагдаж байсан бол өнөөдөр 15 жилийн дараа банкныхаа Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч гэсэн албан тушаалтай болчихоод байж байна.

Монголын банкны холбооноос шалгаруулсан 2012 оны “ШИЛДЭГ БАНКИР” шагналыг хүртсэнд тань баяр хүргэе?

Юуны өмнө би энэ шагналыг авсныхаа дараа банк, хамт олноороо, банкныхаа удирдлагын багаар бахархаж байлаа. Мөн энэ шагнал манай банкны гадаад болон дотоод зах зээл дэх нэр хүндийг үнэлж байгаа нэг ёсны үнэлэмж юм болов уу гэж ойлгож их баяртай хүлээж авсан. Бидний нэр хүнд гадаад зах зээлд маш их өсч байна. Жишээлбэл, улсдаа гадаад зах зээлд гурван удаа дараалж бондоо гаргасан ганц байгууллага нь ХХБ хэвээрээ байна. Хамгийн сүүлд бид 2012 оны 9-р сард 300 сая ам.долларын бондыг амжилттай гаргаж чадсан. Мөн дэлхийн нэр хүнд бүхий санхүү, эдийн засгийн гурван ч сэтгүүлээс “Шилдэг банк” шагналыг хүртлээ.

Мөн манай банк өөрийн хөрөнгө, ашигт ажиллагаа зэрэг олон чухал үзүүлэлтээрээ банкны салбарт тэргүүлж байсан ч сүүлийн хэдэн жил нийт активынхаа хэмжээгээр эхний байраа алдсан байсан. Харин 2012 онд амжилттай менежмент, дотооддоо шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ, гадаад зах зээлд бонд гаргаж, харилцагч нарынхаа итгэлийг хүлээж, нийт активаараа тэргүүлэх байр сууриа эргүүлэн авч чадлаа. Өнгөрсөн жил манай оронд төдийгүй дэлхий нийтэд эдийн засгийн таатай биш, удаашралтай жил байсан ч банк өсөлттэй ажиллаж, бүх үзүүлэлтээрээ шилдэг нь байж чадлаа. Үүний л үр дүнд, “ШИЛДЭГ БАНКИР” гэсэн нэр хүндтэй шагналаар шагнууллаа гэж бодож байна.

2012 онд Таны удирдсан ХХБ-ны баг Монгол улсын Засгийн газраас гаргасан бондын арилжаанд олон улсын банкуудтай хамт оролцсон нь онцлох томоохон үйл явдал байлаа. Та бүхний өнгөрөгч оны хийсэн ажил, гаргасан амжилтуудаас дурдвал?

Монголын хамгийн ууган банк гэдэг утгаараа Монгол улсын банкны салбарт бий болсон бүхий л ололт амжилт, шинэ бүтээгдэхүүн, олон улсын стандартыг нэвтрүүлэх зэрэг бүх зүйлийг анх ХХБ санаачилж, зах зээлд нэвтрүүлж, анхдагч нь болсон байдаг. Манай хамт олон үүгээрээ бахархаж явдаг. Жишээлбэл, Олон улсын санхүүгийн бүртгэлийн стандарт, олон улсын аудит, олон улсын зээлийн үнэлгээ, олон улсын бонд, эрсдэлийн удирдлагын систем гээд бүгдийг нь анхлан нэвтрүүлсэн.

Манай ажилтнууд баг болж, ажлаа зохион байгуулдаг. 2012 онд гурван шилдэг баг шалгарсан. Нэгдүгээрт, MOST MONEY буюу гар утсаараа бүх төрлийн төлбөр тооцоогоо хийх боломжтой системийг нэвтрүүлж чадсан. Энэ нь аливаа нэгэн банкны дан ганц хэрэглэдэг систем биш, мөн ямар нэг үүрэн телефон холбооны компанийн бүтээгдэхүүн биш. Энэ бол Монгол улс даяар буюу манай улсын гурван сая иргэнийг бүгдийг нь оролцуулах хэтийн төлөвтэй, цаашдын зорилготой бүтээгдэхүүн байгаа юм.

Хоёр дахь ажлын хэсэг нь, бид бонд гаргасан амжилтандаа тулгуурлаад, Монгол улсын Засгийн газрын хамгийн анхны олон улсын зах зээл дээр борлуулсан 1,5 их наяд ам.долларын зөвлөх, андеррайтер банкаар оролцлоо. Андеррайтер буюу бондын арилжааг хамтран зохион байгуулагчаар дэлхийн хамгийн шилдэг дөрвөн банк, Монгол улсаас манай банк шалгарсан. Дэлхийн шилдэг банкуудтай мөр зэрэгцэж ажиллана гэдэг бидний хувьд бахархал байлаа.

Гуравдахь ажлын хэсгийн хийсэн ажил нь, дотоод үйл ажиллагаа. Дэлхийн бүх улс орнууд, томоохон банкуудын хэрэгжүүлдэг мөнгө угаалтын эсрэг тэмцэх олон улсын хууль, дүрэм журмыг сахиж мөрдөх программыг олон улсын зөвлөх байгууллагатай хамтарч Монголд анх удаа бодлого стратегийн үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн банк болж чадлаа. Мөн байгаль орчин, нийгмийн хариуцлагын стандартыг олон улсын түвшинд анх удаагаа нэвтрүүлж, мөн дотоод хяналтын матриц зохион байгуулсан. Өөрөөр хэлбэл, банкны бүх эрсдлийг бууруулахын тулд дотоод бүх үйл ажиллагаандаа хяналтын түвшинг тогтоосон.

Үнэхээр их ажлуудыг амжуулжээ. 2013 онд ХХБ ямар зорилго тавьж байна?

Бид энэ 2013 оноос эхлээд тухайн жилээ тодорхой зорилго, уриатай ажиллах нь зүйтэй юм байна гэсэн санаачлагыг банкныхаа хамт олонд хэлэхэд, бүгд дэмжиж хүлээж авсан. Ингээд бид 2013 оноо “Бүтээмжийг дээшлүүлэх жил” гэж зарласан. Бүтээмж бол манай банкны хувьд хамгийн өндөр байдаг гэж би боддог. Учир нь бид хамгийн цөөн ажилтан, хамгийн бага салбартай хэдий ч бусдаасаа тэргүүн зэргийн ашигтай ажилладаг гэдэг утгаараа манай банк хамгийн бүтээмж өндөртэй банк. Хэдий ийм ч гэлээ, өнөөдөр бид энэ амжилтандаа ханахгүйгээр, бүтээмжээ илүү сайн болгох зорилт тавьж байгаа юм. Банкны үзүүлж байгаа бүх үйлчилгээний бүтээмж, дотоодын салбар нэгжүүд хэлтсийн хоорондын уялдаа холбооны бүтээмж, автоматжуулах гэсэн гурван чиглэлээр ажлаа сайжруулна гэсэн зорилготой байгаа.

ХХБ-ны хувьд Бүтээмжийг дээшлүүлэх зорилт тавьсан юм байна. Харин манай улсын санхүү, эдийн засгийн ерөнхий чиг хандлага 2013 онд ямар байх бол, Таны харж буйгаар?

Ирэх он бол манай улсын эдийн засгийн хувьд чухал жил байна. Гадаад зах зээл дээрээс босгосон 1,5 их наяд төгрөгийн бүтээн байгуулалт эхэлнэ. Мөн Оюутолгой ХХК анхныхаа бүтээгдэхүүнийг борлуулна, Тавантолгой ХХК-ийн үйл ажиллагаа өргөжинө гэх мэт Монгол улсын эдийн засагт тодорхой шинэ үе ирэх 2013 онд эхэлж байна гэж би хувьдаа ойлгож байна.

Энэ үйл явцад хамгийн тэргүүний банкны хувьд бид бүх талаараа бэлтгэлтэй байх ёстой. Тийм учраас бид ойрын 5, 10 жилийнхээ стратеги, бизнес төлөвлөгөөг шинээр боловсруулж ажиллана. Хэдийгээр бид сайн ажилладаг ч гэсэн улам сайжруулах шаардлагатай. Би “Өдөр болгон шинэчлэгдэх нь өөрөө шинжлэх ухаан юм” гэж хэлдэг. Энэ бол миний хэлэх дуртай үг. Хэдий чинээ сайн байх тусам, ололт амжилт арвин байх тусам, улам түүнийгээ сайжруулж, бататгаж явах нь зөв юм аа гэсэн зарчмаар л ажиллана.

Энэ салбарт амжилттай ажиллаж яваа банкирийн хувьд Монгол улсынхаа банкны салбарын талаар Таны бодож явдаг зүйлийг сонсмоор байна, ойрын ирээдүйг нь хэрхэн төсөөлж, хардаг вэ?

Манай улсад хамгийн богино хугацаанд, хамгийн сайн хөгжсөн, хамгийн түрүүнд олон улсын стандартад хүрч чадсан салбар бол банкны салбар. Нэгд, энэ салбар нь хууль журам, дүрэм болон олон улсын дүрэм стандартаар зохицуулагддаг. Тиймээс олон улсын байгууллагуудын зүгээс шинэчилсэн 1997 оны хууль, мөн 2010 онд дахин шинэчилсэн Банкны тухай хуулиудыг дандаа олон улсын байгууллагуудын оролцоотойгоор олон улсын стандартыг нэвтрүүлэх жамаар хийж хэрэгжүүлсэн болохоор илүү сайн хөгжсөн. Хоёрт, энэ бол ашигтай салбар. Зээлийн хүү өндөр, эрсдэл өндөр учраас түүнийг дагасан ашиг өндөр байх нь зах зээлийн жам. Энэ жамаараа, өндөр ашигтай учраас шилдэг боловсон хүчин банкны салбарт 1990-ээд оны эхнээс ажилласан байдаг юм. Монгол Улсын арилжааны арав гаруй банкнаас дөрөв нь олон улсын зэрэглэл тогтоолгосон, олон улсын стандарт хангасан байна. Гэтэл өөр ийм хувийн компани, аж ахуйн нэгж олон байхгүй гэдэг утгаараа манай салбар илүү хөгжсөн.

Мөн аливаа эдийн засгийн хөгжилд хоёр зах зээл байдаг. Нэг нь мөнгөнийх буюу банкны зах зээл, нөгөө нь санхүүгийн зах зээл буюу хөрөнгийн бирж. Манай улсад хөрөнгийн бирж буюу санхүүгийн зах зээл нь хөгжөөгүй учраас Монгол улсын эдийн засагт оруулах хувь нэмэр ачааг банкны салбар дангаараа үүрч байна. Тийм учраас салбарын түүхэнд олон ч банк дампуурсан. Олон ч банк үлдсэн. Үлдсэн хэд нь маш чанартай ажиллагаатай. Энэ утгаараа цаашдаа ч эдийн засагтаа хувь нэмрээ оруулдаг гол түлхүүр нь болсоор байна гэж бодож, итгэж байна.


Ярилцсанд баярлалаа.

Б.Мишээл


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт