Мэдээ / Jun 29, 2010

Инфляци дахин өсвөл зээл, хадгаламжийн хvv буухгvй болов уу гэж эмээж байна

Юуны өмнө Худалдаа, хөгжлийн банк байгуулагдсаны 20 жилийн ой тохиож байгаад баяр хүргэе. Энэ хугацаанд Монголын банк санхүү, эдийн засгийн салбарт хийсэн хамгийн том өөрчлөлт шинэчлэл, бүтээн байгуулалт нь юу байсан бэ?

Баярлалаа. 20  жилийн өмнө

Баярлалаа. 20 жилийн өмнө Монголын банкны салбарт анхны, хувийн арилжааны банкууд төрөн гарч, тэдгээрээс он цагийн шалгарлаар шигшигдэн үлдсэн нь ХХБ юм. Бид анхны арилжааны банкны хувьд бусаддаа үлгэр дууриал болох, шинийг санаачлагч байх том хариуцлагыг өөртөө үүрч ирлээ. Өнгөрсөн хугацаанд банкны үйл ажиллагаа, цар хүрээ жил тутамд өргөжиж, нийгмийн өмнө хүлээх хариуцлагаа биелүүлэхийн дээр орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэн, банкны үйл ажиллагааг олон улсын стандарт  жишигт хүргэхээр зорьлоо. Энэ зорилгодоо хүрэхийн тулд бид Монголд хамгийн анхны төлбөрийн картуудыг хүлээн авч, цахим банкны олон төрлийн үйлчилгээг нэвтрүүлэн, АТМ-ыг анх удаа монгол хэрэглэгчдэд хүргэж байлаа. Түүнчлэн, Монголын арилжааны банкуудаас хамгийн анхлан дэлхийн SWIFT байгууллагад гишүүнээр элсэж, 2007 онд  олон улсын хөрөнгийн зах зээл дээр 75 сая ам.долларын бондыг амжилттай борлуулсан анхны монгол компани болсон юм. ХХБ-ны тасралтгүй хөгжил, санхүүгийн өндөр чадавх, эрсдэлийн зөв удирдлага болон дэлхийн шилдэг технологийг тогтмол ашиглаж ирсэн нь эдийн засгийн хүндрэлтэй цаг үед бусдад жишиг болж, Монгол улсын эдийн засгийн нэг түшиг болж чаддаг юм.

Бидний байнга хөнддөг нэг асуулт бол Монголын банкны салбарын хөгжлийн асуудал байдаг. Банкууд өөрсдийгөө хөгжиж байна, томорч байгаа гэх боловч одоогоор олон улсад нэрээ гаргаж байгаа нь ганц нэг банкнаас хэтрэхгүй байгаа. Бодит байдал дээр банкны салбарын хөгжил ямар байгааг Танаас асуумаар байна?

Монгол улс зах зээлийн эдийн засагт шилжиж байсантай холбоотойгоор 1990-ээд оны сүүлч хүртэл банкны салбарын хөгжил удаашралтай байсан. Харин 2000 оноос банкны салбар хурдацтай өсч байгаа ба цөөн тооны томоохон банкууд банкны салбарын нийт хөрөнгө, ашиг, өөрийн хөрөнгийн ихэнх хэсгийг бүрдүүлж байгаа юм.
Монголын банкны салбарыг бидэнтэй яг ижил нөхцөлд, адил хугацаанд туулсан бусад орны банкны салбарын хөгжилтэй харьцуулахад Монгол улс ялимгүй хоцорч байгаа. Тухайлбал, Монголд банкуудын олгосон нийт зээлийн хэмжээ ДНБ-ий 34 хувийг л эзэлж байхад, Зүүн Европын хөгжиж буй орнуудад энэ үзүүлэлт 50-60 хувь байх жишээтэй. Банкны салбарын хөгжил дээрх орнуудын адил түвшинд хөгжиж ирсэн бол бид нэг тэрбум ам.долларын зээлийг зах зээлдээ илүү олгох боломжтой байсан.
Яг өнөөдрийн байдлаар Монголын эдийн засаг хурдацтай хөгжлийн үе шатанд ирж байгаатай уялдан, банкууд ч эдийн засаг дахь өөрийн бодит үүргээ сайн гүйцэтгэж, зээлийн хэмжээгээ эрс нэмэгдүүлэхэд бэлтгэлтэйгээр оролцож, зээлийн зөв бодлогыг авч хэрэгжүүлэн, харилцагчид болон хөрөнгө оруулагчдаас эх үүсвэр татах хөрөнгийн таатай нөхцлийг бүрдүүлэх нь банкны салбарын хурдацтай өсөлтийг хангах нь дамжиггүй юм.

Өнгөрсөн хоёр жил шахам бид “хямрал” гэдэг үгээр амьсгаллаа. ХХБ-ны хувьд хямрал ямархуу сорилт байв? Хямралын үед ямар менежмент барьж ажилласан бэ?

Мэдээж хэрэг, эдийн засгийн уналтын үед олон шалгуур, хүндрэлүүд банкны секторт тулгарч байсан. Өнгөрөгч 2008 оны сүүлээр, банкуудын төлбөр түргэн гүйцэтгэх чадвар нэлээд хүнд болж, дотоодын мөнгөн тэмдэгтийн ханш ч хэцүүхэн байдалд орсон билээ. Энэ үед ХХБ-ны зүгээс баримтлан ажиллаж байсан гол зарчим бол харилцагчдын итгэлийг алдахгүй байх явдал байж, банкны үйл ажиллагааг тогтвортой, хэвийн байлгахад анхаарлаа хандуулсан. 2008 оны сүүлээс 2009 оны дунд үе хүртэл мөнгөний бодлого хатуу байсан учир шинээр зээл олгохдоо маш нарийн шалгууртайгаар олгож байлаа. Тэр үед ХХБ-наас олон улсын санхүүгийн зах дээр борлуулсан 75 сая ам.долларын бондыг эргүүлэн төлөх хугацаа ойртож байсан учир бид бондоо ямар ч байсан хугацаанд нь эргүүлэн төлөхийг зорьсон. Хэдийгээр эдийн засаг хүндхэн байсан ч бидний өмнө нь бий болгосон санхүүгийн өндөр чадавхи өрөө төлж барагдуулах бүрэн чадамжтай байсан юм. Ингээд бид 2009 оны эцсээр бондын төлбөрийнхөө хагасыг нь урьдчилан, 2010 оны нэгдүгээр сард үлдэгдлийг нь бүрэн төлж дуусгасан. Монголоос анх удаа олон улсын хөрөнгийн зах зээлээс эх үүсвэр татсан анхны банкны хувьд бид бондын өрөө барагдуулж, зээлжих чадвартайгаа харуулах нь том хариуцлага, нэр хүнд байсан бөгөөд хүндрэлтэй үед бид үүнийг хийж чадсандаа бахархдаг юм.

Уул уурхайн хөгжил эрчимжиж, томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж эхэлж байгаа энэ үед ХХБ санхүүгийн үйлчилгээгээ уул уурхайтай хэрхэн холбож,  ямар бодлого барьж байгаа вэ?

Банкны зүгээс авч байгаа гол бодлого бол хамгийн чанартай үйлчилгээ, шинэлэг бүтээгдэхүүнийг өнөөдрийн болон ирээдүйн зах зээлийн шаардлагад нийцүүлэн хүргэхэд чиглэгдэж байгаа. Өөрөөр хэлбэл, уул уурхайн салбарт хүлээгдэж буй хөрөнгө оруулалт, зардал ихсэх нь тодорхой тул бид санхүүгийн шинэлэг үйлчилгээг уул уурхайн компаниуд, тэдний ханган нийлүүлэгчдэд хүргэх, дэд бүтцийг нь бий болгоход дэмжлэг үзүүлнэ. ХХБ уул уурхайн компаниудын бэлтгэн нийлүүлэгчид болон энэ салбарыг түшиглэсэн бизнесийн салбаруудын гол санхүүжүүлэгч нь аль хэдийн болсон байгаа. Цаашид хөрөнгө барьцаалсан зээл, лизингийн үйлчилгээ, баталгаа зэрэг зээлийн хэд хэдэн үйлчилгээг харилцагч компаниудынхаа эрэлтэд нийцүүлэн үзүүлэх болно. Түүнчлэн, уул уурхайн салбарын ажилтнуудад орон сууцны зээл болон санхүүгийн бусад хэрэгцээг нь хангахад чиглэсэн бүтээгдэхүүнүүдийг санал болгохоор ажиллаж байна. Үүнээс гадна техник, тоног төхөөрөмжийн импортын санхүүжилтын үйлчилгээ, уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортлох хүртэлх үйл явцыг санхүүжүүлэх үйлчилгээнүүд нь цаашдаа улам хөгжиж, илүү сайн санхүүгийн үйлчилгээнүүд бий болох юм.

Арилжааны банкуудын зээлийн хүүг бууруулах асуудлыг бизнес эрхлэгчид байнга тавьдаг. Банкуудын зээлийн хүү цаашид буурах болов уу?

Үнэхээр өнгөрсөн жилүүдэд зээлийн хүү нь зээл авсан компаниудын хувьд дарамт болохоор өндөр байсан нь үнэн. Гэхдээ банкнаас олгож байгаа зээлийн өртөг зах зээлээс татан төвлөрүүлж байгаа хөрөнгийн үнэтэйгээ зохицож байдаг. Сүүлийн жилүүдэд банкуудын дунд өрсөлдөөн бий болж, зээл олгох эх үүсвэр бий болгохын тулд өндөр хүүтэй хадгаламж татсанаар хадгаламжийн хүү ихээхэн өсөхөд нөлөөлсөн. Банкин дахь хадгаламжийн 60 орчим хувийг өндөр хүү авах сонирхолтой хувь хүмүүс голчлон эзэмшиж байдаг. Мэдээж хэрэг, банкны зээлийн үнэд эрсдэлийг тооцсон үнэлгээ багтсан байдаг ч, зээлийн хүү өндөр байхад нөлөөлдөг гол үзүүлэлт бол хадгаламжийн хүү юм. Инфляци дахин өсөх юм бол хадгаламжийн болон зээлийн хүү буурах сүүлийн үеийн хандлага удаан үргэлжлэхгүй болов уу гэж эмээж байна.

Ирэх жилүүдэд эдийн засаг эрчимтэй өсөх төлөвтэй байгаа тул банкууд төдийгүй бусад компаниуд илэрхий өсөж томрох хэрэгцээ ч байгаа, боломж ч бий гэж үзэж байна. Зөвхөн ашигтай ажилласнаар банкууд хангалттай томрох хэмжээний хөрөнгө хуримтлуулж чадахгүй л болов уу. Иймээс олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргах нь бидний чанар чансааг тодорхойлох боломжуудийн нэг юм. ХХБ-ны хувьд нэлээд олон жилийн өмнөөс энэ зах зээл дээр гарах арга хэмжээнүүдийг авч ирсэн. Тэгэхээр бидний хувьд бүрэн боломжтой. Банк маань олон жилийн туршид олон улсын томоохон аудитын компаниудаар санхүүгийн тайландаа аудит хийлгэж ирсэн төдийгүй, олон улсын үнэлгээний Moody’s агентлагаар үнэлгээ хийлгэж, дэлхийн шилдэг стандартын дагуу дотоод хяналтаа явуулдаг юм. Дэлхийн санхүүгийн болон хөрөнгийн  зах зээлд гарахад дээрх бүх үйл ажиллагаанууд зайлшгүй шаардлагатай байдаг юм. Монголын компаниудын хувьд олон улсын үнэт цаасны зах зээлд гарах боломжтой болохын тулд эхлээд өмнө дурьдсан хэд хэдэн шат арга хэмжээг зайлшгүй авч хэрэгжүүлэх хэрэгтэй. Зөвхөн орд газар ч юмуу, орд эзэмших лицензтэй байх нь хангалтгүй. Гадаадын зах зээлд бүртгэгдэхэд бизнесийн сайн төлөвлөгөө, зохистой, ил тод байгууллагын бүтэц, санхүүгийн нээлттэй байдал, удаан хугацааны ашигт ажиллагаа зэрэг урьдчилсан нөхцлүүдийг бүрдүүлэх хэрэгтэй. Үнэт цаасны зах зээл дээр гарах боломжтой компаниудтай хамтран ажиллах сонирхолтой олон санхүүгийн зөвлөхүүд, хөрөнгө оруулалтын банкууд байна, тиймээс ойрын 2 жилд Монголын компаниудын хувьцаа дэлхийн зах зээл дээр борлогдож эхлэнэ гэж найдаж байгаа.
Эцэст нь нэмж хэлэхэд, Монголын хөрөнгийн бирж олон улсын шилдэг туршлагыг хэрэгжүүлж эхлэх цаг болсон гэж бодож байна. Ингэснээр компаниуд өөрийн улсын  Хөрөнгийн бирждээ итгэлтэйгээр бүртгүүлж,  дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж чадна. Ялангуяа, цаашид олон улсын зах зээл дээр гарах сонирхолтой төрийн оролцоотой компаниудын хувьд Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй байх нь нэн чухал байгаа юм.

Сүүлийн асуулт. Та Монголын эдийн засгийн болон ХХБ-ны ойрын ирээдүйг хэрхэн харж, төсөөлж байгаа вэ? 

2010 он бол Монголын эдийн засгийн хувьд дахин сэргэж буй сэргэлтийн үе гэж хэлж болох юм. Энэ жил Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээг баталж,  төслийг эхлүүлэх шийдвэр гарсан нь аль хэдийн дотоодын бизнесийн орчинд эерэгээр нөлөөлж эхлээд байна. Мөн нүүрс, төмрийн олборлолтод гарч буй ахиц  дэвшлүүд  нь гадаадын хөрөнгө оруулалтын урсгалыг эрс нэмэгдүүлж, экспортын хэмжээ ч мэдэгдэхүйцээр өсөх хандлага ажиглагдаж байгаа.
Барилгын салбар ч мөн адил дахин сэргэж байгаа нь орчин үеийн орон сууцны хэрэгцээ их байгаа Улаанбаатар хотын хувьд таатай өөрчлөлтүүдийн нэг юм. Энд дурдсан эдгээр бүх өөрчлөлтүүд аяндаа банкуудын зээлийн  хэрэгцээг нэмэгдүүлж байгаа бөгөөд үүнд нийцүүлэхийн тулд ХХБ хангалттай хөрөнгийн эх үүсвэр, хөрвөх чадвартай байхыг зорилгоо болгон ажиллаж байна. Одоогийн бизнесийн таатай орчин цаашид ч үргэлжилсээр байх юм бол 2010 оны эцсээр бид олон улсын санхүүгийн зах зээлд бондоо дахин гаргахаар төлөвлөж байна.
Ер нь би өөдрөг үзэлтэн болохоор эдийн засгийн тасралтгүй өсөлтөд хүрэхэд олон саад бэрхшээлийг давах шаардлагатай байгаа хэдий ч,  Монголын ойрын болон хэтийн ирээдүйг зөвхөн сайхнаар харж байна.  

Ярилцсанд баярлалаа.
Б.Мишээл


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт