Мэдээ / Apr 15, 2010

Худалдаа, хөгжлийн банк уул уурхайн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хувь нэмрээ оруулна

Монгол улсын эдийн засгийн гол тулгуур болох ашигт малтмалын нөөцийг боловсруулан, эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлж, ашигт малтмалын зах зээлд өрсөлдөх чадвар сайтай улс орон болох зорилтыг Засгийн газраас дэвшүүлэн, Монгол Улсыг үйлдвэржүүлэх Хөтөлбөрийг батлан ажиллаж байгаа билээ.

Энэхүү хөтөлбөрийг дэмжин, Монгол улс зөвхөн түүхий эд бэлтгэн нийлүүлэгч бус нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч орон болох зорилтод өөрийн хувь нэмрээ оруулах үүднээс Худалдаа, хөгжлийн банк болон ХБНГУ-ын “Engineering Dobersek”, “Ammac” группууд хамтран нээлттэй уулзалт, зөвлөгөөнийг зохион байгууллаа.

ХБНГУ-ын “Engineering Dobersek” нь ашигт малтмалын боловсруулах үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг бэлтгэн нийлүүлэгч туршлагатай компани бөгөөд Монгол улсад орчин үеийн өндөр хүчин чадалтай, байгаль орчинд хор нөлөөгүй ашигт малтмалын боловсруулах техник, тоног төхөөрөмжийг нийлүүлэхэд Худалдаа, хөгжлийн банк өөрийн түнш ХБНГУ-ын томоохон банкуудтай хамтран импортын санхүүжилт хийж хамтран ажиллах юм.

Монгол улсын ууган арилжааны банк Худалдаа, хөгжлийн банк ашигт малтмал, уул уурхайн салбарыг байнга дэмжин ажилладаг бөгөөд “Уул уурхайн банкны газар”-ыг 2007 онд байгуулан, Монголын арилжааны банкуудаас уул уурхайн салбарт хамгийн их зээл олгодогоороо тэргүүлж байна.

Уулзалт, зөвлөгөөнд ХХБ-ны Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч О.Орхон, ХБНГУ-ын ЭСЯ-ны Консулын газрын дэд дарга Dr. Freudenberg, “Engineering Dobersek” группын захирал Dr. Avrachov нар илтгэл, танилцуулга хийсний зэрэгцээ ХХБ-ны харилцагч уул уурхайн компаниуд болон Монголд үйл ажиллагаа явуулж буй гадаадын компаниуд урилгаар оролцсон юм.

Монгол улс ашигт малтмалын түүхий эдээ шууд экспортлохгүйгээр нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн бий болгох баяжуулах үйлдвэр байгуулахад дээрх байгууллагуудын хамтын ажиллагаа ихээхэн хувь нэмэр оруулах бөгөөд Герман улсын тоног төхөөрөмжүүд нь дэлхийд онцгойрдог төдийгүй Монголчуудад чанараараа танигдсан билээ.


Хаяг, Байршил Валютын бэлэн бус ханш Тооцоолуур е-Сэтгүүл e-Брошур Facebook Twitter Youtube TDB Bot Онлайн туслах Холбоо барих Санал хүсэлт